Сансрын буудал хүрэх зам

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-24 10:27:16
@ShoovdorBatbold

 -Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-3-


1981 оны хавар гуравдугаар сарын хорьд гарч байхад Москвад хэдэн өдрийн турш өмнө зүгийнх шиг хүчтэй нар шарж гудамж талбайд аадар борооны дараах шиг энд тэндгүй үер урсаж, хотынхныг тэвдүүлж билээ. Битүү цастай атлаа Москва орчмын нарсан ой униартан хөхөрч харагдах агаад цав цагаан цасны өнгө бүдгэрч  цасан дороос яргуй цухуйн бут модны мөчир нүдэлж эхэлсэн үе байв. Монгол орныг бодвол бараг бүтэн сараар эрт хавар болдог Европ нутгийн хувьд энэ нь ердийн үзэгдэл тул үүнийг гайхаж шагшрах хүн бараг үгүй мэт байв. Гэхдээ өдрийн хайлсан цасны тогтоол ус шөнө нь гулгуурын талбай болтлоо хөлдсөн тул жолооч нарыг цаг агаарын мэдээгээр байн байн сэрэмжлүүлж байж билээ. Монголын сурвалжлагчид сансрын хөлөг буух газар тийш явахаар эртлэн босч “Мир” зочид буудалд хүрэх замдаа энэ бүхнийг харж явлаа.


Монголын сэтгүүлчид Оддын хотхонд


Маргааш алс холын зочин хүлээн авах аянд мордох байсан сурвалжлагч бид ч сэтгэл хөөрөн яарч шөнө хугас нойртой хонож билээ. Внуковын нисэх онгоцны буудал хүрэхээр “Лаз” автобусанд сууж замын цагдаагийн хамгаалалтын машины дохио хангинуулан яаран хүрвээс зөвлөлтийн сурвалжлагчид онгоцонд аль хэдийн байраа эзлэн суусан байв. Зөвлөлтийн иргэний агаарын тээвэрт осолгүй, найдвартай гэдгээрээ нэрд гарсан дөрвөн моторт ИЛ-18 онгоцоор бид Москвагаас Казахстаны Жезказган хот хүртэл бүтэн 4 цаг хагас нисч хүрэх ёстой байв. Замын уртад бид онгоц дотор зөвлөлтийн сурвалжлагч нартай хамтарч нэг баг болж ажиллах нөхөдтэйгөө танилцаж ажил хэрэг ярилцаж явсаар нэг мэдэхэд Казахстаны нутагт орж ирлээ гэж онгоцны үйлчлэгч бүсгүй зарлав.


Сансарт анх хүн ниссэний 20 жилийн ойг удахгүй тэмдэглэх гэж байгаа үед Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэг болох гэж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал байв. Миний бие 20 жилийн өмнө Болгар улсад болсон радиогийн олон улсын нэгэн хөтөлбөрийн тухай хэлэлцээрт оролцохоор Монголын радиог төлөөлж анх удаа хилийн дээс алхаж Москвагаар дайран явахдаа зөвлөлтийн нийслэл Москва хотын нийтийн тээврийн унаа болгоны нүүрэн талд сансрын анхны нисэгч ЗХУ-ын иргэн Юрий Гагарины цэргийн дүрэмт хувцастай өнгөт зургийг хүндэтгэлтэй байрлуулсныг харж бахархаж баясч байж билээ. Сансрын нислэгтэй холбогдолтой үйл явдал болгоныг сурвалжилсаар байгаад гаршсан зөвлөлтийн төв телевизийн сурвалжлагчид хуучин цэрэг шиг айван тайван байж, ямар үед яаж ажиллах талаар бидэнд зөвлөгөө өгч билээ. Болж байгаа үйл явдлыг яг байдаг чигээр нь харж үзэгч сонсогч олны ой тойнд хүрэхээр тайлбарлан хэлэх нь тийм ч хялбар ажил биш байдаг. Телевизээр үзэгчдэд болж буй үйл явдлын дүрсийг харж тайлбарлахдаа сурвалжлагч хүн уг явдлын нарийн учир, өрнөж буй ба өрнөх гэж буй үйл явдлын олон хувилбарт эгшинд түүртэлгүй гойд ойлгомжтой тайлбарлах нь сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвартай гүн холбоотой. 


Надтай хамт нэг баг болж ажилласан Зөвлөлтийн Төв телевизийн тайлбарлагч Александр Тихомиров сансрын нислэгтэй холбогдсон үйл явдалд 50 гаруй удаа оролцож, сурвалжлах ажлын хий нь гарсан хүн байлаа. Ийм туршлагатай сэтгүүлчийг дагаж ажиллах нь их зүйлийг сурч болох завшаан мөн боловч, хамран хийх сурвалжилгын үед миний бие гологдож, жижигдэх байх хэмээн сэтгэл зовж байсан юм. 


... Хэдхэн минутын дараа Жезказганы нисэх онгоцны буудал дээр газардах гэж байгаа тухай онгоцны радиогоор зарлав. Ойр орчмын өндөр уул нуруу байхгүй. Зай цэг завсаргүй ургасан харгана, дэрс, сондуул бүхий дов толгод харагдах нь манай нутгийн говь талыг санагдуулах агаад саарал өнгийн тогтоол ус цөөрөм санаснаас арай олон байх нь манай нутгийнхаас ондоо өвөрмөц мэт санагдав. 


Онгоцны буудал дээр биднийг хотын удирдах хүмүүс, сансрын нислэгийн албаны хүмүүс элэгсэг дотно угтаж, залуучууд алтан зул цэцгийн баглаа өргөн барьж хүндэтгэв. Тал нутагт байрласан хотын цар хэмжээ нэг цэгээс хараад мэдэх боломжгүйн адил Жезказган /Би энэ хотыг Зэсказган хэмээн монголчлон нэрлэв/ хотын хэмжээ дамжааг мэдэх аргагүй мэт байв.


Зэсказган хэмээх хотын нэр сүүлийн арваадхан жил л газрын зурагт тэмдэглэгдэж эхэлснийг бодвол атар газар эзэмших, ашигт малтмалын шинэ ордыг нээж ашигласантай холбогдон шинээр барьж босгосон олон арван хотын нэг нь л ажээ.


Зэсказган хэмээх нэр нь монгол хэлнээ “Хасагийн зэс” гэсэн утгатай агаад Жезказган нь Казахстаны зэсийн үйлдвэрийн нэгэн том төв ажээ. Казахстаны түүхийн судрыг эргүүлэн харваас энэ Зэсказган нь Бетбек-Далайн цөл хэмээх нэртэй байсан төдийгүй буруу номтныг цөлдөг газар байсан аж. Харганаас өөр түлшгүй, хүхрийн амттай давсархаг устай, олон метр гүн ухаж байж цэнгэг ус гарган уудаг байсан болой.


Урьдын цагт буруу номтныг цөлж залхаадаг, хүн амьтан оршин суудаггүй, зэлүүд энэ нутаг одоо сансрын нислэгийн буудал, зэсийн үйлдвэрийн томоохон төв болжээ.


Бид онгоцны буудлаас шууд зэсийн үйлдвэрийн ажилчдын сувиллын газар ирж буудаллав. Сувиллын газар амарч сувилуулж байгаа ажилчид монголын сурвалжлагчидтай уулзаж, ах дүү ёсны амин яриа өрнүүлж, нутаг усны байдал, зан заншлын тухай хөөрөлдөж, хамтдаа зураг татуулж байв.


Орой нь хотын удирдах хүмүүс сансрын нислэгийг сурвалжлахаар Монголын хэсгийг алхаж ирсэн Ч.Түмэндэлгэр тэргүүтэй манай нөхөд болон зөвлөлтийн талаас ирсэн нислэгийг удирдах хүмүүс, зөвлөлтийн сурвалжлагчид хамтран оройн зоог барьж найрамдал нөхөрлөлийг ерөөсөн сайн сайхан үг харилцан хэлж, бидний оролцох гэж байгаа түүхэн энэ их ажил амжилттай болно гэдэгт бүрэн итгэл төгс байгаагаа илэрхийлэв.


Хамтарсан нислэгийг сурвалжлах баг


Бид сансрын нисэгчдийг угтан тосохоор өглөө эртлэн босоход шиврээ бороо орж байв. Казахстаны энэ тал нутагт бороо орж хавар болсон байхад Монголд битүү цастай байна гэсэн сураг дуулдав. Алин боловч казах нутгийн хаврын бороо мөд гийхгүй, бороон дунд сансрын нисэгчдээ угтан авах болжээ гэж бодов. Холын гийчин бур бур бороотой, сэр сэр салхи татуулан ирэх нь үлгэрийн баатрын шинжийг бэлгэдсэн нь сайн хэрэг мөн боловч сансрын нисэгчдийн буух шүхэр үүлэн дунд харагдахгүй зураг авах арга тасрах нь ээ хэмээн сэтгэл зовж байв. Казахын тал нутагт хаврын урь орж яргуй дэлгэрсэн хэмээн сонссон сурвалжлагчид нимгэн хөнгөвтөр хувцасласан болохоор жихүүхэн сэрүүн, усан бороо шивэрч, шаахайгаараа шавар зуурч зутруу байтал харин хотын нөхөд бидэнд усны гутал, шүхэр авчран тусалж билээ.


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)



Related news