АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-15 11:05:07

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид ОХУ-д хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “SolarWinds” компанийн программыг хакердсан, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэж сэжиглэж байгаатай холбогдуулан хориг арга хэмжээ авах гэж байгаа аж.


Хоригт “эрх барих болон тагнуулын байгууллагын төлөөлөгчид” зэрэг Оросын 10 орчим иргэн өртөж магадгүй байна. Үүнээс гадна, 20 орчим байгууллагад хориг арга хэмжээ авч болзошгүй бөгөөд "Bloomberg"-ийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, эдгээрын дунд гадаадын компаниудын хяналтад байдаг хэвлэлүүд байгаа аж. Эдгээр компаниуд нь Оросын тагнуулын байгууллага, мөн "Москвагийн ашиг сонирхолд нийцсэн" үйл ажиллагаа явуулдаг гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр, Оросын 30 байгууллагад хориг арга хэмжээ авч магадгүй байна.   


АНУ-ын эрх баригчид мөн ОХУ-ын 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар төлөвлөж байгаа гэж “Bloomberg”-ийн эх сурвалжууд мэдээлжээ. Цагаан ордон, Төрийн департамент болон Сангийн яам энэ мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.


“SolarWinds” программаар дамжуулан АНУ-д үйлдсэн кибер халдлагад Москва оролцсон гэх Вашингтоны дүгнэлтийг, мөн АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэсэн Америкийн талын мэдэгдлийг ОХУ урьд нь өндөр түвшинд удаа дараа няцаасан юм. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Нэгдүгээр сувагт ярилцлага өгөхдөө, АНУ-ын эрх баригчид тус улсад шинээр хориг арга хэмжээ авбал үг үйлдэл хоёр нь зөрдөг гэдгийг харуулна гэж мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан билээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Америкийн удирдагч В.Путинтэй ойрын ирээдүйд биечлэн уулзах боломжийг судлахыг санал болгож, хоёр талын харилцааг хэвийн болгож, стратегийн тогтвортой байдлыг хангах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Related news