Музейн үзмэрийг зориулалтын тоног төхөөрөмжид хадгална
МОНГОЛЫН МЭДЭЭЯпон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжаар өнөөдөр Монголын Үндэсний музейд нийт 41.8 сая иен бюу 777 сая гаруй төгрөгийн өртөг бүхий үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүллээ.
"Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийн дагуу эдгээр тоног төхөөрөмжийг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү тус музейд хүлээлгэн өгөв.
Эдгээр тоног төхөөрөмж нь музейн үзмэрийг хадгалж хамгаалах зориулалттай ямар ч хор нөлөөгүй, уураар ариутгах, чийгшүүлэгч, хөлдөөгч төхөөрөмж юм.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2015-2016 онд “Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийг ЖАЙКА, Монголын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр түүх соёлын үнэт өвийг урт хугацаанд зохистой хадгалж хамгаалах үйл ажиллагаа шинэ шатанд гарч байгааг албаныхан хэлж байна.
Уг төсөл нь Монголд Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 25 дахь төсөл юм. Өнөөг хүртэл Монгол Улсад нийт 1 тэрбум 560 сая иен буюу 28.9 тэрбум орчим төгрөгийн Соёлын буцалтгүй тусламжийг үзүүлжээ.
Энэхүү ёслолын ажиллагааг нээж Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Соёлын өв бүр Монголын байгаль, нийгэм, сэтгэхүйн илэрхийлэл бөгөөд алдаж болохгүй өвөрмөц үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлэх чухал утгыг агуулдаг. Монгол Улс “Монгол” гэдэг онцлогоо хадгалсан хэвээр хөгжөөсэй гэсэн чинхүү хүслээр Япон улс нь ЮНЕСКО-гийн Итгэлцлийн сан болон буцалтгүй тусламжаар дамжуулан Монголын биет болон биет бус соёлын өвийн хадгалалтыг идэвхтэй дэмжиж ирсэн. Өнөөдөр тоног төхөөрөмж гардуулж байгаа нь үүний нэг хэсэг бөгөөд Монголын ард иргэд та бүхэн гадаадын орнуудад соёлын өвөөрөө бахархах сэтгэлээр урт удаан хугацааны туршид хадгалан хамгаалж, нийтийн хүртээл болгоход тус нэмэр болно гэдэгт найдаж байна” гэв.
Тус музей балар эртнээс өнөөг хүрэлх үеийн монголын түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалдаг.
Шинэ тоног төхөөрөмжтэй болсноор археологийн олдвор, түүх угсаатны олон төрлийн материалаас үүсэх хортон шавьжийг устган халдваргүйжүүлэх, ариутгасан үзмэрийг хадгалах, цэвэр, тогтвортой орчин бүрдэж байгаа юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал