Цэндээ 17-той улсын аварга, 19 настай олимпын V байрт шалгарч байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-15 13:50:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатарын анхны багш Баянгол дүүргийн Спорт хорооны боксын дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайвантай уулзаж ярилцсан юм.


-Таны гарын шавь Э.Цэндбаатар  Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ, баяр хүргэе?


-Баярлалаа, сэтгэл маш хангалуун байна. Бээжингийн олимпын дараа 2008 онд Э.Бадар-Ууган шиг олимпын аварга, П.Сэрдамба шиг олимпын мөнгөн медальт боксчин болно гээд л боксын дугуйланд маш олон хүүхэд шавь орж байсан. Тухайн үед Спортын төв ордны зааланд өдөртөө 100 гаруй хүүхэд 3 ээлжээр боксын спортоор хичээллэдэг байлаа. Энэ олон хүүхдийн хамт олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамбын төгссөн Дэнжийн мянгын 57 дугаар сургуулийн сурагч Цэндээ маань надад шавь орж боксын А үсэг заалгаж билээ.



Харин өнөөдөр олимп, дэлхий, тивийн аварга болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн хүүхдүүдийн болон өөрийнхөө  мөрөөдлийг биелүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Рио-2016" олимпын V байр, Ази тивийн хошой аварга, Азийн 18 дугаар наадмын аварга болж “Гавьяат тамирчин” гэдэг эрхэм алдрыг хүртэж чадсан шавиараа бахархаж байна.


-Тэр анх боксын дугуйланд ирэхдээ ямаршуу хүүхэд байв?



-Цэндээ анх над дээр ирж байхдаа 12 настай, махлагдуу жижигхэн биетэй хүү байсныг тод санаж байна. Тэр заасан дасгал техникийн хөдөлгөөнийг маш сайн сурдаг, их эвсэлтэй хүүхэд байсан. Бэлтгэлийн дараа цохилтоо давтаад л үлддэг тууштай, тэвчээртэй, дайчин чанар нь өнөөдөр ийм амжилтад хүргэлээ.



Цэндээ аварга болно гэж дандаа итгэлтэй ярьдаг байж билээ. Рингэд гарахын өмнө давтсан цохилт, техникээ хийж тоглоно шүү гэхэд, "За багш аа, хүү нь заавал ялна" гээд л өрсөлдөгчөө ялчихдаг, тийм л тулаанч болохоор олимпын дэвжээнд ч монголчуудаа баярлуулж чадна гэж итгэж байна.


-Гавьяат маань 17 настайдаа Монгол Улсын аварга болсон гэдэг байх аа?


Тэр 2013 онд 17 настай байхдаа насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сориод түрүүлэхэд нь маш их баярлаж байж билээ. Ихэнх хүүхэд өсвөр үе, залуучуудад их сайн байснаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож тоглохдоо шал өөр болчихдог тал ажиглагддаг. Харин Цэндээ маань насанд хүрэгчдийн тэмцээнд орж ирээд яг өмнө нь хүүхдүүдтэй яаж тоглож байсан тэр арга барилаараа ах нартайгаа ана мана тулалдаж ялалт байгуулж улсын аварга болж байсныг тод санаж байна. Тэгээд л үнэхээр авьяас чадвартайг нь мэдэрч, цаашдаа санаа зоволгүй, амжилтаа улам бататгахад нь анхаарах болсон доо.


Харин дараа жил нь буюу 18 настайдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Яагаад гэвэл, УАШТ-д оролцох тамирчдыг 19-40 нас гээд тэмцээний зааварт зааж, хяналт тавих болсон. Тэгээд 2014 ондоо өнжөөд 2015, 2016 онд дараалан улсын аварга болж байлаа. Манай Цэндээ 17-той улсын аварга болж, 19 настай “Рио-2016” олимпын наадам хүч үзэж  V байр эзэлсэн нь бас л онцгой амжилт шүү.



Түүний анхны олон улсын тэмцээн гэвэл, ОХУ ын Якутск Сахад 2012 онд зохион байгуулсан Азийн хүүхдийн наадам бөгөөд Монголоос 7 хүүхэд оролцож Цэндээ мөнгө, 2 хүүхэд хүрэл медаль авч байж билээ. Манай Цэндээд нэг чухал чанар байдаг. Тэр ямар ч тэмцээнд оролцоод ялсан, ялагдсан маргааш нь заавал бэлтгэлээ хийдэг хатуу зарчимтай.


-Шавийнхаа талаар өнөөдрийн өндөрлөгөөс та юу хэлэх бол?


-Манай үндэсний шигшээ баг саяхан АНЭУ-ын Дубай хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 3 алт, 5 хүрэл медаль хүртэж Монголын боксын түүхэн дээд амжилтыг тогтоогоод ирлээ. Үнэхээр их баярлаж, талархаж байна. Үндэсний шигшээ баг хамт олон маань ганзага нийлж ёстой л ганзага дүүрэн ирлээ. Удахгүй Токиогийн олимпын цугларалтад гарна. Шавьтайгаа хамт гарах байх. Тэнд л Цэндбаатарынхаа өрсөлдөгч тамирчдын судалгаа, техник тактик дээр ажиллана гэж бодож байгаа.



-Таны хувьд боксын спортоор олон жил амжилттай тоглож байсан. Энэ тухайгаа дурсана уу?


-Би 5 ахтай айлын отгон хүүхэд Амарбаясгалан ах маань Оросын боксчдыг үздэг, сайн мэддэг байлаа. Ахаасаа л боксын тухай ойлголт авсан.Тэр үед Оросын суваг л их гардаг байсан. Хүүхэд байхдаа сагс их тоглодог, бас бөхөөр барилдаж ч үзсэн юм байна. Харин 18 насандаа гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн шавь болж боксын секцэд орж хичээллэсэн. Тэгээд 1990 онд ХАА-н техникум төгсөөд цэрэгт явж Зүүнбаянд хуваарилагдсан. Тэндээс л армийн аварга болж "Алдар" спорт хороонд ирж боксоор тууштай хичээллэсэн.



Алдарт мундаг ах нар олон байлаа. ОУХМ Ц.Амаржаргал, Л.Батбаяр, Ш.Отгон-Энх гээд алдартай мастерууд байж билээ. Жингийн ах нарын хувьд ОУХМ Х.Гантулга, Б.Алтангэрэл жинхэнэ мастеруудтай ринг дээр тоглож хожиж, хожигдож хамтдаа бэлтгэл хийсэн маань амжилт гаргахад их нөлөөлсөн гэж боддог. Би боксын спортоор Монгол Улсын 8 удаагийн аварга болж байжээ.





Related news