Аудитын дүгнэлт зөвлөмжийг төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээ мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-29 00:47:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар тус аймагт хэрэгждэг Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангийнхаа төслийг танилцуулжээ.

Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон хэлтэс агентлагийн холбогдох удирдлагууд, олон улсын төсөл хөтөлбөрийн зохицуулагч, ажилтнууд оролцжээ.

Гүйцэтгэлийн аудитыг дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөж, төлөвлөсөн хугацаандаа ийнхүү тайлангийн төслөө танилцуулсан аж.

Тус аймагт Олон улсын найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд: Канадын Засгийн газрын “Мерит” (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь), "Тогтвортой амьжиргаа -3", НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн UNIDO, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга”, Турк улсын “ТИКА”, Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн барилгын их засварын төсөл, Дэлхийн зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг”, НҮБ-ын хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангийн “Зэх зээл бэлчээрийн удирдлага” төслүүд хэрэгжиж байна.

Тус уулзалтаар дээрх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тухай танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал зөвлөмж өгчээ. Харин аймгийн удирдлагуудын зүгээс аудитын дүгнэлт зөвлөмжийг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулан ажиллахаа мэдэгдэж, цаашид аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулан ажиллах санал дэвшүүлсэн байна. 

Related news