Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын гадаад хэргийн сайдтай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-21 16:39:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай саналаа нотлон илэрхийлж, хоёр тал далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах, улмаар засаглал, хөгжлийн төлөвлөлт, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг асуудлаар туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.



Ботсванагийн Сайд дипломат харилцаа тогтоох асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлээд, хоёр улс эрдэс баялаг, ноос, ноолуурын зэрэг салбарт мөнхүү хамтын ажиллагаа явуулах боломжтойг тэмдэглэв.


Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай албан ёсны харилцаатай болох юм.

Related news