Г.Балжинням: Хортон шавжтай тэмцэх нь тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрхлэгч Гүнчингийн Балжиннямтай ярилцлаа. Тус хүрээлэнгийн хамт олон баруун бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, жимс жимсгэний суулгац үржүүлэх судалгааны ажил хийж, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.
-Юуны өмнө хүрээлэнгийнхээ талаар манай уншигчдад танилцуулаач?
-Хөдөө аж ахуйн яамны харъяа Жимсний туршлага станц анх 1964 онд Увс аймагт байгуулагдсан. Өдгөө 57 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Энэ жил хаврын тариалалт орой эхэлсэн ч зундаа усалгаа сайн байсан учраас ургац арвин байна. Бид хүнсний ногооны үр үржүүлэх чиглэлээр голлон ажилладаг. Тодруулбал, бөөрөнхий байцай, шар манжин, хүрэн манжин, шар лууван болон шинээр төл сонгино, гоньдны үр үржүүлэг хийж байна. Өнгөрсөн жил төл сонгины 200 кг үр үйлдвэрлэж Увс аймгийн тариаланчдад хүргүүлсэн. Энэ жилээс “Монгол ногоо” төсөлтэй хамтран гоньдны үр үржүүлж байна.
Энэ зун Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс судлаачид ирж хортон шавжны тандалт судалгаан дээр хамтарч ажилласан. Ялангуяа үхэр нүдний суулгацын хачгийн эсрэг тэмцэх арга хэмжээг үр дүнтэй явуулсан. Хортон шавжтай тэмцэх нь тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал байдаг.
-Танайх жилд хэдий хэмжээний ургац хурааж, хаана нийлүүлдэг вэ?
-Хүнсний ногооны үр үржүүлэг нь олон үе шатыг дамждаг. Тусгайлсан технологи, зааврыг мөрдөж бүтээгдэхүүн гардаг. Бид өнгөрсөн жил элит болон 1, 2-р репродукцийн нийт 450 кг хүнсний ногооны үр үйлдвэрлэж, харъяа хүрээлэн, “Монгол ногоо” төсөл болон аймгийн зарим тариаланчдад нийлүүлсэн.
Бид аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран өнгөрсөн 4 жилд хөх далайн хальс, намрын бөөрөлзгөний тус бүр 100 ширхэг суулгац үржүүлсэн нь амжилттай байна. Ирэх жилээс мөчир аваад үржүүлэх шатандаа орно.
Мөн жимс, жимсгэний суулгацаас баруун бүс нутагт нутагшсан чацарганы Чуйская, Элизавет, үхэр нүдний Отродная, Дружная, улаалзганы Шедрая зэрэг сортын стандартын суулгацуудыг үйлдвэрлэлд бэлтгэн нийлүүлж байна.
-Монгол Улсын хүнсний ногооны үрийн хэрэгцээг Увс аймаг 100 хувь хангах боломжтой юу?
-Их нууруудын хотгорт орших Улаангом нь цаг уурын хувьд дулааны хангамж өндөртэй учраас ямар ч таримлын үр үржүүлэхэд тохиромжтой. Монгол Улсын хүнсний ногооны үрийн хэрэгцээг Увс аймаг бүрэн хангах боломжтой. Гэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах шаардлагатай. Тухайлбал үр сортын бодлого, технологийн шинэчлэл, хөрсний үржил шим, усалгаа зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаардаг.
-Энэ жил ургац хэр арвин байна вэ?
-Энэ жилийн тухайд хүнсний ногооны үр үржүүлгийг 0,8 га талбайд, эх ургамал бэлтгэх үржүүлгийг 1,2 га талбайд тариалж, 450-500 орчим кг хүнсний ногооны үр авлаа. Мөн чацаргана, үхэр нүд, гүзээлзгэнэ, интоор, гоёлын модны суулгацыг нийтдээ 10 мянга орчим бэлтгэж үйлдвэрлэлд нийлүүлэхээр ажиллаж байна.
-Танайх хэчнээн ажилтантай вэ? Цаашид анхаарах асуудал юу байна?
-Төрийн үйлчилгээний байгууллагын статустай. Нийтдээ 7 үндсэн орон тоотой. Дарханы Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэг салбар болж явдаг. Туслах ажилтнуудын цалин болон бусад урсгал зардлаа бүтээгдэхүүний борлуулалтын ашгаас нөхөж явдаг. Цаашид байгууллагаа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татах, боловсон хүчний тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг төрлийн тарималд нэг боловсон хүчин байх ёстой. Гэтэл манай нэг хүн 3-4 таримал хариуцаж судалгааны ажил хийж байна.
Мөн судалгааны багаж хэрэгсэл, материаллаг баазын хангамж дутмаг байдаг. 1994 онд манай хүрээлэн 120 гаруй ажилтантай, 3-4 салбар бригадтай том аж ахуйн нэгж байсан. Нийгмийн шилжилтээс шалтгаалан орон тоо буурч, ажил үйлчилгээ нь хумигдсан ч өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Цаашдаа борлуулалтын асуудалд анхаарах шаардлагатай байна. Аймаг орон нутгаас, салбарын яамнаас, мөн “Шинэ хөдөө” төслөөс бодлогоор дэмжээд өгвөл манай салбар хөгжин дэвжих бүрэн боломжтой.
-Тариаланчдадаа хандаж юу хэлэх вэ?
-Газар тариалан эрхлэгчид бид бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэх сайхан цаг үе ирээд байна. Энэ жилийн хувьд ургац арвинтай, дулаахан сайхан намар болж байна.
Улаангомын хөрс бол хөх өвс хөндлөн хаясан ч ургадаг үржил шимтэй, сайхан нутаг гэж эцэг өвгөд маань ярьж, шүтэж ирсэн. Энэ ч утгаараа манай газар тариалан эрхлэгчид төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо, үр үржүүлэг, тариа будаа зэргийг тариалж, жилээс жилд арвин ургац хураан авч байна.
Төр засгаас ч гэсэн хөдөө аж ахуйн салбараа бодлогоор дэмжиж, олон сайхан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад баяртай байгаа.
Нийт тариаланчдадаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Танд баярлалаа.