“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дундговь аймаг нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-06 14:22:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дундговь аймаг нэгдэж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү хөдөлгөөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд цөлжилтийг сааруулах, нөхөн сэргээж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, эрчимжүүлэх зорилготой юм.

“Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл үе шат 2021-2024 онд, эрчимжүүлэх үе шат 2024-2026 онд, тогтвортой үргэлжлэх үе шат 2027-2030 онд үргэлжлэх урт хугацааны үйл ажиллагаа юм. Энэхүү хөдөлгөөний хүрээнд тус аймгийн хувьд одоо байгаа ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.

“Тэрбум мод” хөдөлгөөний нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “8 түмэн мод” тарих хөдөлгөөний хүрээнд Мандалговь-Улаанбаатарын чиглэлийн улсын чанартай авто зам дагуу тарьсан модны ургалтын байдлыг тодорхойлж, ургаагүй модны усалгаа арчилгааг тогтмол хийж, ургалтад анхаарахыг холбогдох байгууллагуудад онцгойлон даалгажээ.

2022 онд Дундговь аймгийн 80 жилийн түүхт ой тохиох бөгөөд энэхүү ойг угтан 2021 оны хавраас эхлэн “8 түмэн  мод” тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгаа юм. 

Related news