Тэтгэврийн даатгалын шимтгэлээ дутуу төлсөн, жил дутуу тооцогдсон иргэдийн материалыг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-15 16:26:16

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд хэрэгжих нөхөн даатгалын тухай хуулийн хүрээнд 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ дутуу төлсөн, жил дутуу тооцогдсон малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний материалыг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжтой болсон байна.

“2021 оны 9-р сарын байдлаар Увс аймгийн хэмжээнд 190 иргэд, даатгуулагч тус хуульд хамрагдан нийгмийн баталгаагаа хангаж, тэтгэвэр тэтгэмжид орох эрхээ баталгаажуулан, хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг аваад байна.

Иргэд та бүхэн нөхөн даатгалын хуульд хамрагдах, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл харьяа сумын нийгмийн даатгалын байцаагч болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 70453425, 99451991, 95860022 дугаарын утсанд хандана уу хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Оюунтүлхүүр хэллээ.

УИХ-ын 2021 оны 1-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Тус хуулийн зорилго нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэвэр, нийгмийн халамжийн өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 1995-2019 онд малчнаар ажилласан буюу “А” данстай байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхлэж байсан хугацаа буюу хувь хүний орлогын албан татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхэд оршиж байгаа аж.

               

 

Related news