Б.Балжинням: Адууны соёлыг түгээн дэлгэрүүлэхээр жил бүр “Унага тамгалах найр” хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-18 17:48:28

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Бугат багийн иргэн, Монгол Улсын Аварга малчин, аймгийн Алдарт уяач Бандийн Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр сум, орон нутагтаа адууны соёлыг түгээн дэлгэрүүлж, намрын налгар өдөр “Унага тамгалах найр” хийлээ.


-“Унага тамгалах найр” дэлгэр сайхан болов уу? Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Юуны өмнө унага тамгалах найранд хүрэлцэн ирсэн нутгийн ахан дүүсдээ баярласан сэтгэлээ илэрхийлье. Хяргас сумын малчин зон олон эрт дээр үеэс адууны хишигтэй өдрийг товлон унага тамгалах найрыг хийж ирсэн уламжлалтай. Ингэхдээ ахмад настнууд нь үржил шимтэй болог, үр шим нь өсөг хэмээн ерөөгөөд, будаа тариагаа уяад унагаа тамгалдаг. Цар тахалтай жил хэдий ч нутгийн ахан дүүс, үр хүүхдийн хүрээнд унага тамгалах найр өнгөтэй сайхан боллоо.

-Нэлээд хуучны тамга харагдаж байна. Хэдэн үе дамжсан тамга вэ?

-Адууны соёл дотроо унага тамгалах ёс нүүдэлчин монголчуудын дунд дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг. Манай нутагт ч мөн жил бүр унага тамгалахаас эхлээд адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалах өв уламжлал хэвээр байна. Энэ жилийн унага тамганы найртай холбоотой АНУ-д суугаа ач У.Эрдэнэбилэг маань шинээр тамга хийлгэж явуулсан. Харин энэхүү хуучны тамга бол манай гэр бүлийн үе дамжин ирсэн тамга юм.

-Та хэдэн настайдаа мал маллаж эхэлсэн бэ?

-Би бага балчир наснаасаа мал маллах ухаанд суралцсан. Миний аав аймгийн аварга малчин Банди гэж хөдөлмөрч, малч, асар ухаантай хүн байлаа. Буянт мал сүргийнхээ буян хишигт залбирч, өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Залуу байхдаа сумынхаа сайн малчдаас үлгэрлэж, нүдээр харсан бүхэн маань сайн малчин болоход чухал нөлөөг үзүүлсэн. Эргээд санахад 18 настайдаа цэрэгт явалгүй гэртээ байж байтал Улсын аварга малчин Б.Янжин намайг туслах малчнаар авсан. Үүний дараа 1974-1977 он хүртэл 3 жилийн цэргийн албаа хаагаад, удам дамжсан малчин болно гэсэн сонирхолтой залуу нутагтаа ирж байлаа.

-Хүүхдүүдээс тань малчин болсон хүн байна уу?

-Гэр бүлийн хүнийнхээ хамт мал сүргээ өсгөн, үр шимийг нь хүртэхийн дээр 9 хүүхдээ хүний зэрэгт хүргэлээ. Тэдний тав нь удам дамжсан малчин болсон. Хоёр дахь хүү Б.Уламбаяр Сэлэнгэ аймагт амьдардаг, аймгийн Аварга малчин. Дараагийн хүү Б.Мөнхбаяр бас аймгийн Аварга малчин, хүү Б.Батбаяр сумын Залуу сайн малчин болсон гээд мал малласан хүүхдүүд маань амжилттай явна. Манайх таван хошуу малтай, дэлгэр сайхан нутагтаа тал дүүрэн малаа бэлчээгээд, адуун дэл дээр давхиж явах нь малчин хүний жаргал юм.

-“Улсын аварга малчин” хүний хувьд мал маллахад хамгийн чухал нь юу вэ?

-Малч ухаант эцэг эхийнхээ үргэлжлэл болж, мал малласан олон жилийн уйгагүй хөдөлмөрийг минь төр засгаас үнэлсэнд баярлаж явдаг. 2020 онд “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч байлаа. Ер нь мал маллах нь тухайн хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Хамгийн гол нь аль гайгүй мал маллаж байгаа хүнийг харж, суралцах нь өгөөжтэй санагддаг. Энэ ч утгаараа үр хүүхдүүд болон нутгийн залуу малчдад биеэр үлгэрлэж, сургахыг хичээдэг. Малчин хүн малыг өсгөхөөс илүү малын чанарт илүү анхаарах хэрэгтэй. Үүн дээр нэмж хэлэхэд малыг таргалуулж болох ч тарга хүчийг нь тогтоох нь хэцүү санагддаг.

-Таныг шаггүй сайн уяач гэж сонссон?

-Баяр наадмаар морио сойхоор ирсэн уяачид бүгд л амжилт гаргахыг хичээдэг шүү дээ. Морь уях, уяа сойлгыг тааруулах нь их хэцүү ажил. Орчин үед залуучууд морь сайн уядаг болсон байна. Миний хувьд “Аймгийн алдарт уяач” цолтой.

-Таван хошуу мал дотроо адуун сүргийн соёл, хэрэглээ асар их байдаг. Энэ талаар таны бодол?

-Нүүдэлчин монголчуудын хувьд адуу, тэмээг уналга, нүүдэл, хоол хүнс гээд олон талаар ашигладаг. Монгол хүн болохоор адуун сүргээ дээдлэн, бахархаж явдаг. Энэ ч утгаараа адууны соёлыг залуу үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг хичээдэг. Үүний нэг илрэл нь “Унага тамгалах найр”-ыг өнөөдрийг хүртэл тасалдуулахгүйгээр хийж ирлээ. Цар тахал намжвал ирэх жилээс илүү өргөн хүрээтэй зохион байгуулан адууны соёлыг олон нийтэд сурталчлахыг нутгийн ах дүүс, сумынхаа иргэдэд уриалах байна.

-Ярилцсанд баярлалаа.


Related news