AFP: Монгол жолооч нар Хятадын хил дээр дугаарласаар

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-22 12:00:07

УЛААНБААТАР. /AFP/. Дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч орон болох Хятад улсад цахилгаан хангамж тасалдаад буй нь эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Цар тахал дэгдэхээс өмнө Монгол Улсын Цагаан хад боомт нь Хятад руу амин чухал түлш тээвэрлэх жолооч нараар дүүрэн байв. 


Гэвч Хятад, Монголын талын коронавирусний халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээнүүдийн улмаас Цагаан хад суурьшлын бүсэд ачааны тэрэгний урт цуваа үүсэж, жолооч нарыг цалин ч үгүй, харьяалагдах компани ч үгүй гацахад хүргээд байна.


“Ар гэрийнхэнтэйгээ утсаар ярихаар мод, түлш, өвлийн хувцас авах хэрэгтэй байгаагаа бидэнд хэлдэг. Эндэх амьдрал хэцүү байна” гэж ганцхан тээвэр хийхийн төлөө гурван сар хүлээгээд буй 32 настай жолооч Ц.Даваасүрэн ярилаа.


Жолооч нар Монголд “COVID-19”-ийн шинжилгээ өгч, амны хаалт, хамгаалалтын хувцас өмсөн Хятадын хилээр нэвтэрч, тэндээ дахин шинжилгээ өгдөг. Гэрэл зургийг Б.Уугансүх


Өнгөрсөн онд байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсаас Хятад руу 35 сая тонн коксжих нүүрс экспортолсон бол энэ он гарсаар 2020 оны гуравны нэгд нь ч хүрэхгүй хэмжээний нүүрс экспортлоод байна.


Коронавирусний халдвар тархсан тохиолдолд Хятад хилээ хааж магадгүй тул Монголын тал хатуу дүрэм журам тогтоожээ. Тийнхүү 3500 орчим жолооч хилээр нэвтрэх ээлжээ хүлээн 40 хүн нэг бүлэг болон тусгаарлагдаж байна.


“Манай бүлгийн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас би Улаанбаатар хотын ойролцоо тусгаарлагдах шаардлагатай болсон. Сүүлийн 42 хоногийн турш ямар ч тээвэр хийсэнгүй” гэж 43 настай жолооч Б.Ундрах “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр Цагаан Хаданд эргэн ирснийхээ дараа дахин 28 хоног хүлээгээд байгаа аж.


Ачааны тэрэгний жолооч нар 10 дугаар сарын 16-нд Монголын нүүрсний хамгийн том орд болох Таван толгойн ойролцоо эсэргүүцлээ илэрхийлж буй нь. Гэрэл зургийг Б.Уугансүх


“Бид бүгдийн шинжилгээний хариу сөрөг гарвал маргааш нь нүүрсээ тээвэрлэх боломжтой болдог” гэж гурван хүүхдийн эцэг Б.Ундрах шинжилгээ өгөхөөр дарааллан зогсож байхдаа хэлэв.


Жолооч нарыг Хятадад очсоны машинаасаа буухыг хориглоод зогсохгүй цонхоо онгойлгохыг ч зөвшөөрдөггүй байна. Б.Ундрахын хувьд, Хятадад нүүрсээ буулгаж цалингаа аваад гэртээ харимаар байгаагаа бидэнд ярьсан юм.  


Эзэнгүй суурин, цөөхөн жолооч

Жолооч нар Монголд “COVID-19”-ийн шинжилгээ өгч, амны хаалт, хамгаалалтын хувцас өмсөн Хятадын хилээр нэвтэрч, тэндээ дахин шинжилгээ өгдөг.


Өргөн уудам газар нутагтай Өмнөговь аймаг нь 12 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Хятадын төмрийн хүдэр хайлуулах үйлдвэрүүдийн гол ханган нийлүүлэгч юм. Гэвч одоо жолооч нарын олонх нь өөр ажил хайх тухай бодох болжээ.


Өмнөговь аймаг нь 12 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гэрэл зургийн Б.Уугансүх


“Бид шинжилгээний хариугаа ямар гарах бол гэдэгт өдөржин, шөнөжин санаа зовнидог” гэж жолооч Даваасүрэн эхний шинжилгээгээ өгөх гэж байхдаа хэлсэн юм.


Цагаан хадан дахь албаны хүмүүсийн ярьснаар бол, жолооч нарын тоо ойролцоогоор тэн хагасаар буурснаар ажиллах хүчний хомсдол хэдийнээ үүсжээ. Үүнээс үүдэн жижиг сууринд учрах нөлөө нь үлэмж их байх бөгөөд гудамжууд эзгүйрч, мухлаг, дэлгүүрүүд хаалгаа барьжээ.


Худалдааны урсгалыг хэвээр хадгалахын тулд хатуу арга хэмжээнүүдийг тогтоогоод байгааг албаныхан нэмж хэлэв. “Хэрэв халдварын тохиолдол нэмэгдэж, Хятад хилээ хаавал манай эдийн засаг сөхөрнө” гэж Цагаан хадны Онцгой байдлын комиссын дарга П.Соронзонболд ярилаа.


Халдвар тархсан тохиолдолд Хятадын тал хилээ хааж болзошгүй тул халдвараас сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг мөрдөж байна. Гэрэл зургийг Б.Уугансүх


Жолооч нарын хувьд халдвар авах вий гэхээс эмээн байрандаа бүгэх болжээ. Энэ талаар 32 настай жолооч Төртулга хэлэхдээ, бид бие биеэсээ харцаа ч салгахаа больсон гэв.


Шийдвэрлэх үе

Бээжингийн засаг захиргаа “COVID-19” халдвартай тэмцэх хатуу бодлого баримталж, хилийн бүсүүддээ хатуу хяналт тогтоогоод буй юм.


Хятад улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт дэвшүүлээд байгаатай зэрэгцэн нүүрсний үнэ дээд үзүүлэлтэд хүрсэн нь цахилгаан хангамж тасалдахад хүргэж, улмаар эрх баригчид эрчим хүчний хямралыг зохицуулахаар ажиллаж байгаа юм.


Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өнгөрсөн долоо хоногт цахимаар уулзсанаар нөхцөл байдал сайжрах итгэл найдварыг төрүүлсэн юм.


Хятадын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, талууд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд халдвараас сэргийлэх хатуу шаардлагуудыг хангасан тохиолдолд хилээр нэвтрэх ачааны тэрэгний тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.


Гэвч нөхцөл байдал эргэн хэвийн болоход цаг хугацаа шаардлагатай.


Бээжин “COVID-19”-тэй тэмцэх хатуу бодлогыг баримталж, хилийн бүсүүддээ хатуу хяналт тогтоогоод буй юм. Гэрэл зургийг Б.Уугансүх


AFP” агентлагт Ачааны тэрэгний жолооч нарын холбооны тэргүүн Н.Ялагдашгүй хэлэхдээ, “Чойрын чиглэлийн нүүрс тээврийг зогсоох тэргүүтэй шийдвэрүүд нь жолооч нарыг амьдрах аргагүй болгож байна” гэв. 


Өнгөрсөн долоо хоногт ачааны тэрэгний жолооч нар “Тээвэрчдээ аваръя” гэсэн уриа лоозон барин Улаанбаатарт жагсаал хийжээ. Жолооч нар ядуурлын ирмэгт тулж ирээд байгааг Н.Ялагдашгүй онцлон хэлсэн юм. 

Related news