Йодоор ажилладаг ион хөдөлгүүрийг тойрог замд амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-11-18 15:28:24

ПАРИС. /TASS/. Францын сансрын технологийн “ThrustMe” компанийн инженерүүд йодоор ажилладаг ион хөдөлгүүрийг тойрог замд амжилттай туршжээ. Судалгааны ажлын талаар шинжлэх ухааны “Nature” сэтгүүл нийтлэгдсэн байна.


Энэхүү туршилт нь ийм түлш нь илүү үнэтэй, үйлдвэрлэхэд хэцүү ксеноноос давуу болохыг баталж байна гэж уг хөдөлгүүрийг бүтээгчид бичжээ.


Инженерүүд хөдөлгүүрээ Хятадын бичил хиймэл дагуул болох “Бэйханкунши-1” дээр туршсан байна. Хиймэл дагуулыг 2020 оны  11 дүгээр сарын 6-нд пуужингаар хөөргөж, 480 километрийн өндөрт тойрог замд оруулжээ. Тус багийнхан 2021 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл жижиг маневрууд хийж хөдөлгүүрийг 11 удаа амжилттай ажиллуулсан байна.


Ион хөдөлгүүрийн ажиллах зарчим нь эерэг цэнэгтэй хийн ионууд ба хөдөлгүүрээс үүссэн цахилгаан талбайн харилцан үйлчлэлийн үр дүнд ионууд түүнээс асар хурдтайгаар гарч, үүссэн түлхэлт нь сансрын хөлөг, хиймэл дагуул эсвэл зондыг эсрэг чиглэлд түлхэж өгдөг байна. Ийм хөдөлгүүрт ихэвчлэн ксеноныг түлш болгон ашигладаг ажээ.


Ион хөдөлгүүрийн гол давуу тал нь эдийн засагт хэмнэлттэй, удаан эдэлгээтэй байдаг хэдий ч түлхэх хүч нь харьцангуй бага бөгөөд ксенон нь маш үнэтэй байдаг аж.


Харин “ThrustMe”-гийн инженерүүд түлшний өөр хувилбар болгон йодыг ашиглажээ. Бусад ихэнх хатуу төлөвт бодисоос ялгаатай нь йод нь халаахад шингэн биш, харин шууд хий болж хувирдаг байна. Тиймээс йодод суурилсан түлшинд хийн сав, даралтын хяналтын систем зэрэг ксенон ион хөдөлгүүрт зориулагдсан бүрэлдэхүүн хэсгүүд шаардлагагүй бөгөөд хөдөлгүүрийг илүү жижгэрүүлж, дизайны хувьд хялбар болгох боломжтой гэнэ.

Related news