Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төсөл амжилттай хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 10:57:31

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэн, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төсөл орон нутагт хэрэгжсэн.

Тус төслийн хүрээнд Говьсүмбэр аймагт залуучууд хэрхэн оролцсоныг албаны хүнээс тодрууллаа. Залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх “Оролцоо” төсөлд Говьсүмбэр аймгийн 84 залуу оролцсоноос 32 нь хамрагдаж, 16 залуу дадлага хийснээс ес нь байнгын ажилд зуучлагджээ.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөгжлийг дэмжих төслөөс 30 сая төгрөгийн төсөвт өртгөөр Говьсүмбэр аймгийн ХХҮГ-т Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв байгуулсан байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв нь шинээр төгсөж ирсэн залуу хүмүүсийн ажил мэргэжилд нь дэмжлэг үзүүлэх, тухайн хүний ур чадварыг үнэлж тохирсон ажлын байранд нь зуучлах зорилготой аж.  

Оролцоо төсөлд 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуус хамрагдсан байна.

Related news