Аймгийн Номын сан боловсон ариун цэврийн өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-20 12:17:52

Увс /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны буцалтгүй тусламжаар Увс аймгийн Номын сан боловсон ариун цэврийн өрөөтэй болж, мөн Америкийн Соёл мэдээллийн төвийн танхимдаа засвар үйлчилгээ хийлээ. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Галдай групп” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.    “Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Увс аймгийн Номын сан байгуулагдсаны 85 жилийн ой болон Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд манай байгууллага боловсон ариун цэврийн өрөөтэй болж, Америкийн Соёл мэдээллийн төвийн танхимд засварын ажил хийлээ. Ингэснээр үйл ажиллагаа маань илүү хүртээмжтэй, чанартай, орчин үеийн стандартын шаардлага хангахуйц хэмжээнд хүрч байгаад бид бүхэн баяртай байна.

Увс аймгийн Номын сангийн барилга 1990 онд ашиглалтад орсноос хойш өнгөрсөн 31 жилийн хугацаанд сантехникийн болоод барилгын засварт нэг ч удаа ороогүй өдийг хүрсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай үйлчлүүлэгчид болоод ажилчид модон жорлонг хэрэглэж ирсэн. АНУ-ын Элчин сайдын яамны тусламжаар энэ хүндхэн үе халагдаж, үйлчлүүлэгчид, ажилчид маань тав тухтай, цэвэр тохилог орчинд үйлчлүүлэх, ажиллах боломжтой боллоо. Энэ ташрамд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон тус яамны хамт олонд дахин дахин баярлалаа гэж хэлье. Мөн энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд гүнээ тусалсан аймаг орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, гүйцэтгэгч “Галдай групп” ХХК, туслан гүйцэтгэгч “Чандмань-Увс” ХХК-ийн хамт олонд хувиасаа болон хамт олныхоо нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье” хэмээн аймгийн Номын сангийн дарга Б.Батхүү хэллээ.

 

Related news