Ахмадуудын 87 хувь нь гэр бүлээ тэжээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-01 15:28:29

 Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төв, НЗДТГ, Эрүүл мэндийн яам, Ахмадын байгууллага, 9 дүүргийн халамж үйлчилгээний хэлтсүүд хамтран “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулж байна.

Эл өдрийг  тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан бөгөөд  энэ жил “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриаг дэвшүүлжээ. Харин манай улс ахмадын өдрийг  1992 оноос тэмдэглэж ирсэн  бөгөөд эдүгээ ахмадын тоо хүн амын 10 орчим хувийг эзэлж буй юм. Тодруулбал улсын хэмжээнд 300 мянга орчим ахмад байгаагаас 250 мянга нь 55-65 насныхан эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ахмадын дундаж наслалт өнгөрсөн оны байдлаар 69  гэсэн судалгаа гарснаас  эмэгтэй 75, эрэгтэй 66 насалж буй нь өмнөх жилүүдээс насжилтын тоо нэмэгдсэн хэмээн Геронтологийн  үндэсний  төвийн дарга М.Нямсүрэн онцолсон юм.

 “Өнөөдөр ахмадуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдэх өдөр. 2005 онд баталсан Нийгмийн хамгааллын тухай хуулийг  шинэчлэх шаардлагатай байна. Тус хууль нь хүнийг ялгаварлан гадуурхсан зүйл заалтуудтай. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс улсаас ямар ч тэтгэмж аваагүй. Гэтэл 1995 оноос хойшхи хүмүүс нь 18-36 сарын тэтгэлэг авсан байх жишээтэй. Үнэндээ Монголын ахмадуудыг гурав хуваачихсан. Мөн ахмадууд доод тал нь улсад 25 жил ажилласан байгаа. Гэтэл тэдний тэтгэвэрийг тогтоохдоо сүүлийн таван жилээр нь тооцдог учраас маш бага орлоготой хүмүүс олон бий. Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 95 хувь нь зээлтэй байна. Үүний 87 хувь нь гэр бүлээ тэжээж байна. Үнэндээ ахмадууд өөртөө тэтгэвэрээ зарцуулж чадахгүй сууна. Мөн тэдний эрүүл мэндийн асуудал хойно хаягдчихсан. Ахмадуудад зориулсан эмнэлэг алга. Ахмадын эмчдээ үзүүл гээд настнууд хөөгддөг. Нэг эмч олон ахмадад хүрч ажиллах уу гээд асуудал их байна”  хэмээн Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан ярилаа.

 Чингисийн талбайд болж буй өдөрлөгийн хүрээнд 1000 настны хийн дасгалын үзүүлбэр, “Сэтгэлийн эгшиг” урлагийн тоглолтоос гадна Геронтологийн үндэсний төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл дотор, зүрх, судас, мэдрэл, даралт, сахарын шинжилгээ, зүрхний бичлэг гээд 10 гаруй төрлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг  Б.Чадраабал

Related news
Comments