Б.Бумцэнд: Бүтээлч ажил өрнөсөн жил байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 17:53:39

Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын Засаг дарга Б.Бумцэндтэй 2021 онд тус суманд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгээд цаг үеийн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.

-Танай нутгаар өвөлжилт хэр байна вэ?

-Энэ жил цас багатай, өнтэй өвөл болж байна. Малчид, иргэд маань ч ам сайтай байгаа. 2021 оны хагас жилийн болон жилийн эцсийн мал тооллогоор малын тоо толгой өссөн дүнтэй гарлаа. Сум орон нутгийн хэмжээнд ажил, амжилт дүүрэн, ажлын үр дүн ихтэй жил улиран одож байна. Аймгийн болон сумын Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгаврын хүрээнд малчид 1003 тонн өвс, 95 тонн тэжээл бэлтгэсэн. Өөр сум, багт 12 өрхийн 15 мянга орчим толгой мал отроор өвөлжиж байна. Тухайн сумын удирдлагуудтай гэрээ хэлцэл хийхээс гадна жилийн эцсийн мал тооллогоор отрын малчдаа эргэж, төрийн үйлчилгээг үзүүлэн ажилласан.

-Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэрхэн дүгнэв?

-Хэдий цар тахлаас шалтгаалсан бэрхшээл байсан ч хийсэн ажил арвинтай жил байлаа. Сумын Засаг даргын 2021 онд хийж, хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтод 4 бүлэг 96 заалт бүхий ажлыг тусган хэрэгжүүллээ. Зорилтын хэрэгжилтийг сумын ИТХ-аар хангалттай сайн гэсэн үнэлгээг өгч, цаашдын зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тухайд?

-Улсын төсвийн 150 сая төгрөгөөр спорт заалны барилгын ажил эхэлж, 2022 онд 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр шиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр Хар хэмийн давааны зам засварыг “Доктор цэг’’ ХХК 50 сая төгрөгөөр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Мөн ‘’Хажуу сухайт’’ ХХК 80 сая төгрөгийн санхүүжилтээр 15 бэлчээрийн худагт засвар үйлчилгээ хийж, 1 худгийг шинээр гаргасан. Тэрчлэн сумын төвийн худагт ухаалаг төхөөрөмж суурилуулж, хөдөөгийн 3 худгийн хайгуулын ажил хийлээ.

   Сумын ОНХС-гийн 118 сая төгрөгийн 15 төрлийн ажил, үйлчилгээг зохих хууль журмын хүрээнд амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүнээс гадна “Сумандаа сайхан амьдаръя аяны хүрээнд сумын төвийн айл, өрхүүдийг муу усны нүхтэй болгох, ногоон байгууламж бий болгох зэргээр хашааны тохижилтоо сайжруулах уриалга гарган ажилласан нь тодорхой үр дүнд хүрлээ. 2022 онд энэ ажилд зориулан Орон нутгийн хөгжлийн сангаас 15 сая төгрөг төсөвлөсөн гэх мэтчилэн энэ онд манай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөсөн жил байлаа.

-Цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулав. Одоо намжмал байна уу?

-Малчин суманд өнгөрөгч 6 дугаар сард коронавирусний тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 580 хүн энэ вирусаар өвчилж, эдгэрсэн байна. Ялангуяа 6, 9 дүгээр сард вирусний дэгдэлт ихсэх үед хохирол багатай оновчтой арга хэмжээ авсны үр дүнд өвчлөлийг хумиж чадсан. Коронавирусний үед нутгаа гэсэн сэтгэлтэй бизнес эрхлэгчид, нутгийн зөвлөл, иргэд хандивын аян өрнүүлсэн нь том дэмжлэг болсон. Сумын Онцгой комисст 16 сая төгрөг, ЭМТ-д 5.1 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив, мөн 30 хонь малчид, иргэдээс хандиваар ирсэн. Өнөөдрийн хувьд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй 40 хонож байна.

-Сумын ИТХ-аараа ирэх оны ажлаа хэрхэн төлөвлөв?

-Сумын ээлжит ИТХ-аар 2022 онд сумандаа хийж, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө батлаад байна. 2022 онд Малчин суманд улсын төсвийн хөрөнгөөр спорт заал ашиглалтад орох ба сумын төвийн тохижилтын ажлын хүрээнд 950 сая төгрөгийн хөрөнгөөр 600 метр бетонон зам, 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ Соёлын төв барихаар болсон. Мөн ОНХС-гийн хөрөнгийн 161.2 сая төгрөгийн 16 төрлийн ажил, үйлчилгээ хэрэгжүүлэхээр батлагдсан. Тэрчлэн “Шинэ хөдөө-Увс төслийн хүрээнд баяд хонины үүлдэр угсааг сайжруулах, чанарт анхаарах чиглэлээр хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Related news