Д.Цогт-Очир: “Халамжаас хөдөлмөрт” төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-28 17:33:15

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ онд “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд шинэ ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг орлогожуулах чиглэлээр төсөл, хөтөлбөр, сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна. Энэ талаар аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очиртой ярилцлаа. 


-Юуны өмнө байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон ярина уу?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гурван хэлтэс болон газрын дэргэдэх Баруун бүсийн ахмадын асрамж, үйлчилгээний төв, ахмадын “Алтан үе” сувилал гэсэн таван нэгж байгууллагад төрийн захиргааны мэргэжилтэн 42, төрийн үйчилгээний 21 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2021 онд манай хамт олон төлөвлөсөн ажил, зорилгоо амжилттай хэрэгжүүлэн үр дүнтэй, бүтээлч олон ажил хийлээ. Ялангуяа “Халамжаас хөдөлмөрт” чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ “Орлогын бүтээн байгуулалт-Увс” хөтөлбөртэй уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн, шинэ ажлын байрыг бий болгосон, мөн хөдөлмөрийн насны иргэдийг ажил хөдөлмөрт чиглүүлэх, хандлага сэтгэлгээг нь өөрчилсөн олон сургалт, сурталчилгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

-“Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд хийсэн онцлог ажлууд гэвэл?

-Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ халамжаас явуулж буй бодлоготой уялдуулахыг илүүд үзсэн. Тухайлбал, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй хүмүүс дотроо хөдөлмөрийн насны залуусын судалгааг гаргасан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 1593 өрх хамрагдаж байгаагаас 4000 гаруй хөдөлмөрийн насны гишүүн байсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний журамд өөрчлөлт орж, 200-гаас дээш толгой малтай өрх хасагдаж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны иргэнд хоёр удаа ажлын санал тавиад ажил хийгээгүй бол үйлчилгээг зогсоох, мөн хоёр жилийн хугацаанд уг үйлчилгээнд хамрагдахаар журамлагдсан.

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2017 онд явуулснаас хойш 4 жилийн дараах иргэдийн амьдралын түвшинд орсон өөрчлөлтийг судлах зэрэг журмын өөрчлөлт, дотоод хяналт шалгалтын дүнгээр 629 өрхийн 3623 орчим иргэнийг уг үйлчилгээнээс түдгэлзүүлсэн. Эдгээр иргэдийг хүнсний эрхийн бичгээс хасахдаа амьдралын чанар, баталгааг нь хангахын тулд хөдөлмөрт бэлтгэх сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл хөтөлбөр, аж ахуй эрхлэх сургалтуудад хамрууллаа. Тухайлбал Тэс сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг өрх, иргэнгүй анхны сум болоод байна.

-Ажилгүй иргэдийн хандлагыг өөрчлөх, хөдөлмөрт бэлтгэх сургалт, сурталчилгааг цөөнгүй удаа хийсэн үү?

-Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд ид хөдөлмөрийн насны иргэдийг зүгээр сууж халамж хүртэх бус, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой, ажлын байртай, орлоготой болгох нь тэдний ирээдүйн амьдралын чанарт нөлөөлнө гэж үзсэн. Энэ ч утгаараа ажилгүй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, ажлын байраар хангах чиглэлийн төсөл, сургалт, үйл ажиллагааг олноор зохион байгууллаа. Улаангом политехник коллежтэй хамтран гагнуур, сантехник, цахилгааны мэргэжлийн сургалтад 39 иргэн, тогоочийн сургалтад 25 иргэн, мөн тусгай хэрэгцээт долоон иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй 67 иргэнийг намрын ургац хураалтын ажилд ажиллуулан нэг өрхийг дунджаар 600-1,2 сая төгрөгөөр цалинжуулсан.

Түүнчлэн залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 118 иргэнийг 14 хоногийн хугацаанд вакуумжуулсан сургалт, 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан нь тэдний сэтгэлгээ, хандлагыг өөрчилсөн, цаашид хөдөлмөрлөх, шинийг сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлсэн ажил болсон төдийгүй хүн бүрт сая төгрөг, нийтдээ 118,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Залуучуудын хувьд ажлын байранд шууд очиход бэлэн бус байдаг. Сэтгэлзүй, харилцаа хандлага төлөвшөөгүйгээс гадна, ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол гарна. Иймд ажил олгогч, ажил хайж байгаа иргэд, зуучлагч байгууллага гэсэн гурван талын хамтын ажиллагааны хүрээнд Ажил олгогч нарт дадлага, туршлагатай залуусыг бэлтгэн ажлын байранд нь зуучлахыг зорьж байна.

Энэ хүрээнд “Интерншип” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 15 залуу 5 шатлал бүхий модуль сургалтаар чадваржиж 12 аж ахуйн нэгжид тогтмол ажлын байртай болсон.

-Малжуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар байна вэ?

-2021 онд малжуулах хөтөлбөрийн хүрээнд 18-45 насны 22 иргэнийг малжуулж, 44 ажлын байр шинээр бий болгосон. Мал маллах сонирхолтой ч санхүүгийн боломж тааруу, цөөн малтай залуусыг дэмжээд малынхаа үр шимээр амьдрах боломжийг нь хангаж байгаа юм. Энэ хүрээнд төсөл, хөтөлбөрөө дүгнэх, малчдын саналыг сонсох, туршлага судлах зорилготой чуулга уулзалт хийсэн. Тус чуулга уулзалтад аймаг болон улсын сайн малчид, залуу малчид, хөтөлбөрт хамрагдсан малчдын төлөөллийг урьж оролцуулсан. Цагаанхайрхан сумын н.Нямдорж хэмээх залуу 2017 онд малжуулах төсөлд хамрагдаад 160 толгой малаа өсгөөд өдгөө 786 толгой малтай болсон бол өөрөө дахин шинэ малчин залууг малжуулах жишээтэй.

-StartUp үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй залуучууд олон бий. Энэ жил хэрхэн зохион байгуулав?

-15-34 насны залуучуудын дунд зарласан StartUp буюу Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаанд 22 багийн 66 залуу оролцсоноос II шатанд шалгарсан 10 баг батламжаа гардан авсан ба шинэ, өвөрмөц санаа гаргасан М.Ариунжаргал ахлагчтай баг түрүүлж, 10 сая төгрөгийн дэмжлэгийг хүртсэн. Тус баг нь ангилсан хонины ноосоор сувинер, тоглоом, ханын наалт зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм. StartUp үйл ажиллагаа нь танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн шилдгүүд, дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог онцлогтой байдаг.

-Иргэд халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон нь том дэвшил гэж харж байна?

-Иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, шинэлэг аргаар хүргэн ажиллаж байна. Гол төлөв цахим хэлбэрийг ашиглан мэдээлэл, үйчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхийн дээр иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч байгаа. Цахим засаглалыг хэрэгжүүлэх e-mongolia хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Оны эхэнд 40 мянган иргэнд халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ гэсэн зорилго тавьсан бол 11 төрлийн 26 үйлчилгээг 63 мянга гаруй хүнд үзүүлэн “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд 56 тэрбум төгрөг зарцуулсан байна.

-Ажлын үр дүн, иргэдийн бизнес үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийж буй ажлын тухайд?

-Жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд хүргэх, үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгохын тулд тухай бүрт нь мэдээллийн самбар, нийгмийн сүлжээ, орон нутгийнхаа сонин, телевиз, сайт, мөн байгууллагынхаа цахим хаягаар сурталчлах ажлыг хийснээр хандалт 2 дахин нэмэгдсэн. 12 дугаар сар гарсаар “Хөдөлмөр орлогын хөтөч” сайтыг ажиллуулж эхэллээ. Тус сайтад төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн борлуулалт, бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн сурталчилгаа, ажлын байрны бүртгэл гээд олон зүйлийг нэг дор төвлөрүүлэх юм. Мөн чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх сургалтад хамрагдаж, бэлтгэлээ хангаад байна.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Улиран одож буй он манай байгууллагын хувьд төлөвлөсөн ажил, үйл ажиллагаа нэг бүрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хамт олноороо зүтгэж, эцсийн үр дүнгээ бодитой мэдэрсэн бүтээлч жил байлаа. Ингээд нийт Увсчууд та бүхэн ирэх ондоо эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эрүүл саруул, ажил орлоготой, амьдрал нь тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Шинэ жилийн мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Related news