Л.Энхзориг: Өнгөрсөн онд 5.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-13 22:30:25

Монгол Улсын Засгийн газраас айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны төлбөрийг энэ оны 6-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хөнгөлөхөөр болсонтой холбогдуулан “Увс цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Л.Энхзоригоос тодруулга авлаа.


-“Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК нь 13.5 мянга гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээн борлуулж байна. Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүчийг өнгөрсөн онд хөнгөлж ажилласан. Энэ хөнгөлөлтөд 9 төрлийн аж ахуйн нэгж хамрагдаагүй. Тодруулбал архины үйлдвэр, уул уурхайн компаниуд, банк санхүү, үүрэн холбооны газрууд, шатахуун түгээх станцууд, төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд орохгүй байгаа.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор 156422 айл өрх, 10256 аж ахуйн нэгж байгууллага, нийт 166678 хэрэглэгчийн 34.560,6 мянган квт.цаг буюу 5 тэрбум 596,6 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлсөн байна.

Манайхаас эрчим хүч авч байгаа бол тодорхой гэрээ заавал байгуулсан байх ёстой. Харин гэрээгээ дууссан бол сунгах, шинэ хэрэглэгч бол гэрээ байгуулах шаардлагатай.

Өнгөрсөн онд айл өрхүүдийн 80-90 хувь нь 100 хувь хөнглөлтөд хамрагдсан. Цахилгаан халаалттай зарим айл өрхүүдийн хувьд бага хэмжээний зөрүү гарсан.

Айл өрхийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлсөн хэдий ч суурь хураамж 2000, МҮОНРТ-ийн төлбөр 800, нийлээд 2800 төгрөг гарч байгаа. 2021 оны суурь хураамжид 1 өрх жилдээ 33600 төгрөг төлөх бөгөөд иргэд ухамсартай байж энэ мөнгөө төлөх хэрэгтэй байна. Суурь хураамжаа төлөхгүй бол байгууллагын санхүүгийн хувьд доголдол үүсэж байгаа. Ковидын хуулийн дагуу цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж болохгүй гэсэн заавар ирсэн болохоор таслалт хийгдэхгүй байгаа. Үүнээс болоод өнгөрсөн онд 165 сая төгрөгийн өр үүссэн.

2021 оны хөнгөлөлтийн журам дуусаад дараачийн шинэчлэгдсэн журмаар хөнгөлөлт үзүүлээд явж байгаа. Үүнд: гэр хорооллын айл өрх 350 квт, орон сууцны айл өрхүүд 250 квт хүртэл цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлхээр болсон. Үүнээс илүү гарсныг нь хэрэглэгч өөрөө төлнө. Ойролцоогоор орон сууцны айл өрх сард 33700 төгрөг, гэр хорооллын айл өрх 47 мянга орчим төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

 

Related news