Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг иргэдэд уриаллаа

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-20 12:16:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга “Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж гаргаж, зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Улс, орон нутагт коронавируст халдварын “Омикрон” хувилбар тархаж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлж Монголын уламжлалт Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалаад байна.

            Мөн аймгийн хэмжээнд өнөөдрөөс энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал олон нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн уралдаан, соёл урлаг, хурал цуглааны үйл ажиллагааг заал, танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын 3, 4 дүгээр тунгийн хамрагдалт, коронавирусний халдварын шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Халдварын мутацилагдсан шинэ хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлааг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга нарт даалгажээ. Ажлын байранд халдвар тархах, хүний нөөцийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлж 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн байна.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаатай холбогдуулан отор, нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, мал, махны тээвэрлэлтэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг холбогдох агентлаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Related news