MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БУЛГАН: Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 31.08 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-13 17:46:09

Булган, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан хэлтэс агентлагийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хишиг-Өндөр сумын төр төсвийн байгууллагын бодит нөхцөл байдалтай танилцаж иргэдтэй уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй цэцэрлэгийн хүүхдүүдийн STEAM хөтөлбөрийг хөгжүүлэх 3D интерактив эвлүүлдэг тоглоом, Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгтэй холбогдуулан сумын ЗДТГ-т 3 үйлдэлт принтер, Эрүүл мэндийн төвд тэргэнцэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 21 сая төгрөгийн үнэ бүхий жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өглөө.


Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Улсын төсвийн 2 тэрбум, 954 сая төгрөгийн өртөгтэй Ахмадын сувиллыг Улсын комисс хүлээн авч ашиглалтад ороход бэлэн болжээ. Булган аймгийн урд сумдын нэгдсэн ахмадын сувилал болгох зорилготой тус барилгыг аймаг орон нутгаас хариуцагч, өмчлөгчийг шийдэж үйл ажиллагааг эхлүүлэх ажээ. Тус сувиллын үйл ажиллагаа эхэлснээр 20 гаруй ажлын байр нэмэгдэх боломжтой.


Төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж орон нутгийн хөгжлийн сангийн 180 сая төгрөгийн өртгөөр зөөврийн орон сууцыг шийдсэн байна. Хишиг-Өндөр суманд ирэх 11 сард төрийн албан хаагчдын зөөврийн 4 орон сууц ашиглалтад орно.


Улсын төсвийн 32 тэрбум төгрөгийн өртөгтэй босоо тэнхлэгийн Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 31.08 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд энэ онд багтаан 20 км замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайн замын ажил 2026 онд бүрэн дуусах ажээ.




















Related news