Ц.Алимаа:Халдварын оргил үеийг давахад иргэдийн хариуцлага чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-25 21:09:16

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб өнөөдөр хуралдаж Сар шинийн баяраар хөл хорио тогтоохгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаагаас дараах тодруулгыг авлаа.

“Улс орон даяар цар тахлын тархалт нэмэгдэж оргил үедээ хүрээд байна. Увс аймагт сүүлийн 7-10 хоногийн хугацаанд өдөрт 100-300 халдвар батлагдаж байгаа. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 319 тохиолдол батлагдсаны 200 нь Улаангом суманд бүртгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлын тоо 17,742-т хүрлээ.

Сар шинийн баяртай холбоотой худалдаа, үйлчилгээний газрууд, аймаг сумаас орох, гарах хөдөлгөөнд хөл хорио тогтоохгүй. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх цаг үе ирсэн. Үйлчилгээний газруудаар ажлын хэсэг явж ажиллана.

Харин үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх хэрэгтэй. Ойрын гурав хоногийн хугацаанд постуудад мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг ажиллаж, иргэдээс асуумж авах, санамж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлнэ. Иймд иргэн бүр өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ухамсартай байхыг хүсье. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна” гэлээ.

 

Related news