“Starlink”-ийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас тойрог замаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-02-09 15:54:17

ВАШИНГТОН. /TASS/. Энэ сарын гуравны өдөр хөөргөсөн "SpaceX" компанийн “Starlink” сүлжээний 49 хиймэл дагуулын 40 орчим нь хүчтэй соронзон шуурганд өртөж, тойрог замаас гарчээ. Энэ тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


"Харамсалтай нь, өнгөрсөн пүрэв гарагт тойрог замд байрлуулсан хиймэл дагуулууд баасан гарагт болсон хүчтэй соронзон шуурганд ихээхэн гэмтсэн бөгөөд дэлхийн агаар мандал руу хэдийнээ орсон эсвэл ойрын үед орно" гэж тус компани мэдээлжээ. Гэхдээ тойрог замаас гарсан хиймэл дагуулууд "бусад хиймэл дагуултай мөргөлдөх аюул", сансрын хог хаягдал үүсгэх магадлал байхгүй байна. Үүний зэрэгцээ, “Starlink” загварыг дэлхийн агаар мандал руу орох үедээ бүрэн устгагдах байдлаар зохион бүтээсэн учир  хиймэл дагуулуудын хэлтэрхий дэлхий ​​дээр унах аюул байхгүй гэж компани мэдэгджээ.


“SpaceX” компани “Starlink” сүлжээнийхээ ээлжит 49 бичил хиймэл дагуулыг өнгөрсөн пүрэв гарагт Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн юм.


“Starlink” нь 260 кг жинтэй бичил хиймэл дагуулуудыг тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. "SpaceX"-ийн тооцоолсноор, нийт 11000 хиймэл дагуул хөөргөж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардагдана.  


Related news