Хятадын кибер аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-29 15:40:00

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 29 /Xinhua/. Мягмар гарагт болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 18 дугаар хуралдаанаар кибер аюулгүй байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг баталснаар дижитал орчин ба хиймэл оюуныг зохицуулах эрх зүйн бааз суурийг бэхжүүллээ.  


Синьхуа агентлагийн мэдээлснээр, хуулийн шинэчилсэн найруулга нь хиймэл оюуны технологийг аюулгүй, тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Энэхүү баримт бичигт хиймэл оюуны салбарын суурь судалгааг дэмжих, алгоритм зэрэг гол технологиудыг хөгжүүлэх, түүнчлэн орчин үеийн дэд бүтэц, мэдээллийн сан, тооцоолон бодох хүчин чадлын системийг бий болгох тухай тусгасан байна. 


Мөн ёс зүй, аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Уг хуульд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглах стандартуудыг сайжруулах, эрсдэлийг хянах, үнэлэх, мөн аюулгүй байдлын хяналтыг бэхжүүлэх шаардлагуудыг тусгажээ. 


Шинэчлэлийн бас нэгэн чухал чиглэл бол кибер аюулгүй байдлын хууль эрх зүйн хариуцлагыг чангатгах, заалтуудыг Хятадын бусад хууль тогтоомжтой уялдуулах явдал юм. Нэмэлт өөрчлөлтүүд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 


Ташрамд сануулахад, Хятадын кибер аюулгүй байдлын тухай одоо хэрэгжиж буй хууль нь тус салбарын хууль эрх зүйн үндсэн баримт бичиг бөгөөд 2016 онд батлагдсан ажээ.



Related news