“Samsung” компани “Galaxy A” загварын шинэ гар утаснуудаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-14 15:01:36

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани сайн үзүүлэлтүүд бүхий боломжийн үнэтэй гар утас хайж буй хэрэглэгчдэдээ зориулан “Galaxy A” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа пүрэв гарагт танилцуулахаар болжээ.


Galaxy A” загваруудаа компанийнхаа “хамгийн нэртэй ухаалаг гар утасны төрөл” хэмээн тодорхойлсон “Samsung” шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаагаа пүрэв гарагт АНУ-ын цагаар оройн 22 цагаас цахимаар явуулах ажээ.


Энэхүү үйл ажиллагааны үеэр “A73, A53, A33”, A23” гар утастнуудыг танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд “Samsung”-ийн зүгээс боломжийн үнээр хамгийн сүүлийн үеийн инновац, үйлчилгээ, боломжуудаар хангана гэж мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт “Apple” компани энэ жилийн анхны бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаагаа зохион байгуулж, “iPhone SE” гар утасныхаа шинэ үеийн хувилбарыг танилцуулсан юм. Шинэ “iPhone SE”-гийн үнэ 429 ам.доллароос эхэлж байгаа нь өмнөх загварынхаас /399 ам.доллар/ бага зэрэг үнэтэй бөгөөд 4.7 инчийн дэлгэцтэй, “iPhone 11” гар утаснуудад суурилуулсантай ижил “A13” чиптэй байна.


Харин “Galaxy A73” гар утасны хувьд “A” цувралын утаснууд дундаасаа хамгийн үнэтэй нь бөгөөд “Snapdragon 750G” чип, 6.7 инчийн супер “AMOLED” дэлгэцтэй байх төлөвтэй байна. Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч “Samsung” нь “Galaxy A72”, A52” гар утаснуудаа өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулж, ийм цувралын гар утсандаа анх удаагаа бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм.


Боломжийн үнэтэй гар утасны зах зээлд ширүүсэж буй өрсөлдөөн, сорилтыг харгалзан бүтээсэн “A” цуврал гар утаснууд нь үнийг анхааран авч үздэг хэрэглэгчдийн дунд нэртэй болжээ. “Omdia” технологийн судалгааны төвийн мэдээллээр, 2020 оны 12 дугаар сард худалдаанд гарсан “A12” гар утас нь өнгөрсөн онд 51.8 сая ширхэг худалдаалагдсанаар хамгийн их борлуулагдсан ухаалаг гар утас болж, “Samsung”-ийг гар утасны зах зээлд тэргүүллээ хадгалахад нь хувь нэмрээ оруулжээ. 

Related news