Соёл, урлагийн ажилтнуудын зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд орон нутгийн соёл, урлагийн ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 17-нд боллоо.
Аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан анхдугаар зөвлөгөөнд мэргэжлийн соёл, урлагийн байгууллага, соёлын өв уламжлагч, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчид, чөлөөт уран бүтээлчид, зохиолч, яруу найрагчид, ардын авъяастнууд, хувцас оёдол дизайн урлаачид, нийтийн цэнгээнт бүжигчид, угийн бичиг хөтлөгчид, боловсролын байгууллагын хөгжмийн багш, номын санчид, соёлын аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл оролцсон байна.
Анхдугаар зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх соёлын бодлого, Соёлын яамны соёлын бодлогын болон хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, СГЗ Р.Батжаргал, УГЗ С.Дашням, төр нийгмийн ахмад зүтгэлтэн “Ураг удмын холбооны салбар зөвлөлийн тэргүүн” Д.Цогбадрах нар урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүлжээ.
Зөвлөгөөнөөр соёл, урлагийн салбарын тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, зорилт, зорилгын талаар мэргэжлийн байгууллагын хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл хийж харилцан ярилцсан аж.
Соёл урлагийн салбарынхны хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахад тогтсон ажлын байр ховор бөгөөд төсөл хөтөлбөрт хамрагдах боломж хомс, банкнаас зээл авахад ч хүндрэл бэрхшээл гардаг талаар оролцогчдын төлөөлөл өгүүлсэн байна.