NASA сансрын нисэгчдийг тойрог замаас сар луу хүргэх модуль бүтээх тендер зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-03-24 15:54:03

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг зураг төслийн шатандаа байгаа сар орчмын тойрог замын “Gateway” станцаас сансрын нисэгчдийг манай гаргийн дагуул руу тээвэрлэх модуль бүтээх тендерийг лхагва гарагт зарлажээ.


“Шинэ төлөвлөгөөний дагуу NASA АНУ-ын компаниудаас 50 гаруй жилийн дараа анх удаа сансрын нисэгчдийг саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараах нислэгт зориулж сарны тойрог зам болон сарны гадаргуу хооронд сансрын нисгэгчдийг тээвэрлэх чадвартай буугч модулийн концепц ирүүлэхийг хүсэж байна” гэж NASA –гийн мэдэгдэлд дурдсан байна.


Шинэ буугч модулийг өөр модуль болох “SpaceX” компанийн бүтээсэн “Starship HLS”-ийн хамт ашиглахаар төлөвлөж байна. Гэрээний урьдчилсан нөхцөлийг NASA ойрын долоо хоногт нийтлэх аж.


Саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийх шаардлагын дагуу бүтээж, ашиглах шинэ буугч аппарат нь сар орчмын тойрог замын “Gateway” сансрын станцтай залгагдах, багийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, манай гаргийн дагуул дээр шинжлэх ухаан, технологийн илүү олон тоног төхөөрөмж хүргэх боломжтой байх аж.  


“Artemis” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын сансар судлалын агентлаг хүн төрөлхтний дараагийн томоохон үсрэлт болох Ангараг руу үйлдэх жолоодлогот нислэгт бэлтгэхийн тулд саран дээр болон түүний орчимд хэд хэдэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


NASA “Artemis” хэмээн нэрлэсэн, сар луу дахин хүн илгээх хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулсан юм. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөсөн байна.


 


Related news