Увс аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-30 10:45:40

Увс /МОНЦАМЭ/. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас энэ сарын 25-ны өдөр Увс аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Барилга бүтээн байгуулалт, цахим шилжилт уриан дор амжилттай зохион байгууллаа.

  Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс болон барилга угсралт, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөл оролцлоо.

    Уг зөвлөгөөнөөр 2022 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, түүний хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн хэрэгжилтийн тухай, Хот байгуулалтын кадастрын цахим системийн хэрэгжилт, барилгын зураг төслийн ажлын чанар, гүйцэтгэлийг сайжруулахад анхаарах асуудлууд, Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн зарим шийдлүүд, Барилгын техник хяналтаар гарч байгаа зөрчил, дутагдал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл, Худаг уст цэг гаргах эрх зүйн зохицуулалт, Тендерийн шинэ хуулийн төслийн танилцуулга, цаашид авах арга хэмжээ, Цахим гүйцэтгэл баталгаажуулах, хяналтын тогтолцооны талаар хэлэлцлээ.

   Мөн зөвлөгөөний үеэр Увс аймагт барилга угсралт, зураг төсөв, материал үйлдвэрлэл болон, барилгын материалын худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулга самбар байрлуулж, барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг танилцууллаа. 

  Зөвлөгөөнөөр барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал бодлоо солилцож дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд

-Монгол улсын их хурлын 88-р тогтоолын дагуу ажлын хэсэг ажиллаж материалын үнийн зөрүү тооцож хүргүүлэх, ажлын тоо хэмжээ гаргаж хамтран ажиллах

-Ажил эхлэх зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолын дагуу олгох ба ажил эхлэх зөвшөөрөл аваагүй барилга байгууламжийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гаргаж мэргэжлийн байгууллагатай хамтран дүн шинжилгээ хийж БХБЯаманд хүргүүлэх

-Түгээмэл тархацтай материалыг олборлох, ашиглах журмыг өөрчлөх саналыг БХБЯаманд хүргүүлэх

-Улаангом политехник коллежийг түшиглэн барилгын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх ба давтан сургалт зохион байгуулах

-Барилгачдын холбоо нь мэргэшсэн инженерийн багц цаг тооцох сургалтыг орон нутагт бүсчлэн зохион байгуулах

-Монгол улсын УИХ-ын 88-р тогтоолын дагуу ажлын тоо хэмжээг орон нутгаас гаргаж гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран холбогдох яаманд хүргүүлэн ажиллах

-Сумдын дулаан хангамжийн үнэ тарифыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж барилга байгууламжийн дулааны тоо хэмжээг тогтоох зэрэг шийдвэрүүдийг гаргаж цаашид дагаж мөрдөхөөр болсон юм.

Related news