Гватемалын нуурын ёроолоос майячуудын хот олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-04-06 13:30:21

МЕХИКО. /TASS/. Янз бүрийн орны эрдэмтдийн баг Гватемалын томоохон нуур болох Атитланы ёроолоос эртний Майягийн соёл иргэншлийн хотыг илрүүлсэн тухай Мексикийн “Milenio” сонин цахим хуудсандаа мэдээлжээ. 


Уг хотыг ойролцоогоор МЭӨ V зууны үед нуурын усны бүсэд орших арал дээр байгуулсан байж магадгүй бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд хот тектоник идэвхжилийн улмаас усан дор орсон гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ. Атитлан нь далайн түвшнээс дээш 1.5 мянган метрийн өндөрт уулархаг нутагт оршдог, галт уулын гаралтай, гадагшаа урсгалгүй томоохон нуур юм.


Эрдэмтэд 12-20 м-ийн гүнээс ёслолын төвүүд, байшингууд, чулуун баганууд болон бусад байгууламжийн үлдэгдлийг олж чадсан байна. Энэхүү судалгааны ажилд Аргентин, Бельги, Гватемал, Испани болон Францын археологичид оролцжээ. Тэд хотын нийт талбай 60 мянган хавтгай дөрвөлжин метр хүрч магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэтдээ Атитлан нуурын орчимд эртний хотын дижитал загварыг толилуулах музей бий болох төлөвтэй байна. 


Майягийн соёл иргэншил нь манай эриний 300-900 онд цэцэглэн хөгжиж, европчууд Америкийг нээсэн үеэс уналтад оржээ.  Түүний хот, суурингууд одоогийн Белиз, Хондурас, Гватемал, Мексик, Сальвадор зэрэг улсуудын нутаг дэвсгэрт оршиж байв. 


Ташрамд сонирхуулахад, 2018 оны хоёрдугаар сарын эхээр эрдэмтэд лазерын радарын тусламжтайгаар Гватемалын хойд нутгийн ширэнгэн ойгоос майячуудын 60 мянга орчим байгууламжийг илрүүлжээ. 


Related news