Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга Н.Ганболдыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-12 15:48:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд болон Хилийн 0165 ангийн захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллах үеэр “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэр дэх  Цагааннуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Цагааннуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс нутгаар зарлаж, Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт зам тавих, цахилгаан дамжуулах шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.

Дээр дурдсан ажлууд нь хилийн бүс, зурвас, хил хамгаалах ажилтай ч салшгүй холбоотой юм. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Н.Ганболд эдгээр асуудлуудтай газар дээр нь танилцахаар ирсэн аж.

Орон нутгийн удирдлагын зүгээс Хил хамгаалах байгууллагыг төвлөрсөн эрчим хүчний шугамд холбох, барилга байгууламжид урсгал засвар хийх, шилэн кабельд холбох, хил хамгаалалтад орчин үеийн техникийн ололтыг нэвтрүүлэх зэрэг ажилд хамтарч ажиллаж байгааг тус аймаг дахь Хилийн 0165 ангийн захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох дурдлаа.

Related news