Харанга хамтлагийнханд “Алдрын Од” одон хүртээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 15:08:21

Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулдаг “Алдрын Од” одонг  Хотын дарга С.Батболд Харанга хамтлагийнханд өнөөдөр  гардууллаа.

“Алдрын од” гардуулах ёслолын ажиллагаанд Харанга хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчид нь хүрэлцэн ирсэн байв. Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууд байршууллаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Хүн амын тоо нь 1 саяас дээш давсан дэлхийн томоохон хотууд соёл урлагийнхаа салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ алдаршуулан, нэрийг нь мөнхөлдөг. Энэ жишгийн дагуу Монголын рок поп урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч хамтлаг дуучдыг шалгаруулж, “Алдрын од”-ын эзнээр тодруулж, алдаршуулдаг уламжлал 2015 оноос эхэлсэн. “Алдрын од”-ын эзэн болсон Харанга хамтлагийн гишүүдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.

Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманалай ярихдаа, “Энэ шагнал бол биднийг илүү ихийг бүтээгээрэй гэсэн ард түмний  маань хүсэлт гэж ойлгож байна. Бид Тиймээс олон түмэндээ чансаатай уран бүтээлүүдээ шүүж толилуулах болно” хэмээв.

Оройн 21:00 цагаас “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Чингисийн талбайд болно. Тоглолтод “Харанга” хамтлаг уран бүтээлээсээ толилуулахаас гадна рок попын бүх одод оролцох гэнэ.

 Б.Заяа

Related news