Дэлүүн сум аймагтаа хамгийн олон сарлагтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-14 14:12:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд 2021 оны жилийн эцсийн байдлаар 68591 толгой сарлаг тоолуулжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 46,2 хувиар өссөн үзүүлэлт аж.

Манай улсад Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн өндөр уулархаг нутагт монгол үүлдрийн сарлагийг цэврээр үржүүлж байна.

Сарлагийн биологийн онцлог нь өндөр уулын байгаль, цаг уурын эрс тэс, хатуу ширүүн нөхцөлд гайхалтай идээшин зохицсон, байгалийн бартаа, хад асгатай ямар ч нөхцөлд чөлөөтэй хурдан, шалмаг явж сийрэг, тачир өвс ургамлаар хооллох чадвартай байдаг. Бүх бие сахлаг урт үсэн бүрхэвчтэй, ялангуяа хаа, гуя, гэдэс хэвлий дагуу урт сахлаг савгатай, өтгөн урт сүүлтэй, хөлсний булчирхай цөөн бөгөөд нарийхан учир биеийн гадаргуугаас дулаан алдах нь бага, хүйтэн сэрүүн нөхцөлд зохицсон онцлогтой.

Сарлагийн үнээний амьдын жин 270-280 кг, бухын жин 400-450 кг хүрдэг. Сүүний тослог өндөр бөгөөд 1 литрт 7.2 %, уураг 5.3%, чихэрлэг 5.2% байна. Харин 9 дүгээр сараас улам өтгөрч тослог нь 9-12%-д хүрдэг байна.   

Түүний энэ онцлог чанар нь иргэдийн сарлаг маллах сонирхлыг нэмэгдүүлж, тоо толгой нь өсөхөд нөлөөлж байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум нь 22857 толгой буюу аймгийн хэмжээнд хамгийн олон сарлагтай. Үүний дараа 8696 сарлагтайгаар Буянт, 8688 сарлагтайгаар Алтай, 5968 сарлагаар Улаанхус, 5038 сарлагтайгаар Булган сум орж байна.

Тус аймгийн Алтай сумын Улаанхад багийн "Улсын аварга малчин", 1000 сарлагтай Б.Төмөрчулуун гэдэг хүн 2017 онд өвөлжөөндөө сарлагт зориулж хөшөө хүртэл босгосон байдаг юм.  

Ташрамд, сарлаг нь Төвөдөөс гаралтай ба XVI зууны үеэс Монголд нутагшжээ. Буддын шашин ид дэлгэрэх цаг үед сарлагийн сүүнээс гаргаж авсан тос, цөцгийгөөр зул барих, балин хийх дэг заншилтай холбоотой хэмээн судлаачид үздэг ажээ. 

Related news