Баян-Өлгий аймгийн 8 сумын нутагт 38 морьтой оршуулгын газар бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-20 15:19:35
Сыргаль ІІ-5 морьтой оршуулга

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эртний нүүдэлчдийн оршуулгын үндсэн хэлбэрийн нэг бол нас барсан хүнийг газарт нүх ухаж булшлан оршуулах ёс билээ.

Оршуулах зан үйлийн өвөрмөц хэлбэр нь эртний Түрэгийн үеийн “морьтой оршуулга” юм. Эрдэмтдийн тайлбарласнаар нас барсан хүнд морь дагалдуулан оршуулах ёс төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас улбаатай аж. Тухайлбал, Монгол болон Оросын Алтайд малтан судалсан Пазырыкийн булшинд 1-10 хүртэл, цөөн тохиолдолд үүнээс ч илүү тоотой морь дагалдуулан оршуулсан нь тогтоогдсон байдаг.

Морьтой булш нь тархалтын хувьд нэлээд өргөн цар хүрээтэй бөгөөд Монгол орны зүүн бүсийн зүүн хэсэг, говийн бүсийн өмнөд хэсгээс бусад бүс нутгаас олддог. Харин байршлын хувьд дийлэнх тохиолдолд эрт цагийн ямар нэг бүлэглэн орших дурсгалын дэргэд тэдгээрийн чулуунаас авч ашиглан хийсэн байдаг аж. Жишээлбэл, манай орны баруун бүс нутагт Хүрлийн үеийн хиргисүүрийн ойролцоо, эсвэл түрүү төмрийн үеийн Пазырык булшны дэргэдээс тус тус илэрч олддог байна. Төвийн бүсийн хувьд ихэнх тохиолдолд Хүннүгийн бүлэг оршуулгын газрын дундаас олджээ.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх Түрэгийн үеийн морьтой оршуулгын дийлэнх нь аймгийн өмнөд хэсэгт буюу Булган, Алтай, Дэлүүн, Буянт сумдын нутагт, цөөн хэсэг нь Улаанхус, Цэнгэл, Сагсай, Ногооннуур сумын нутагт тархжээ. Үүнээс Булган сум хамгийн оршуулгын газартай бол Алтай сум хамгийн олон булштай.

Баян-Өлгий аймгийн 8 сумын нутагт 38 морьтой оршуулгын газар, 128 булш бүртгэгдсэн байдаг.

Судлаачид нас барсан хүнтэй дагалдуулан оршуулах морины тоо тухайн хүний нас болон хүйстэй огт холбоогүй ба талийгаачийн нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй холбож үзэх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байна.

Related news