Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт 277 сувилагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-11 14:11:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг угтан Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас энэ өдрүүдэд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд урлаг, спортын тэмцээн болон туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Тодруулбал, Говь-Алтай аймагт ажиллаж, амьдарч буй үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтний хамтын ажиллагааг бэхжүүлэх, танилцах, нөхөрлөх, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх зорилгоор тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж.

Тухайлбал, үе үеийн сувилагч, тусгай мэргжилтний танилцах уулзалт, хурлыг зохион байгуулах, тэдний авьяас ур чадварыг нээн илрүүлэх, урлагаар олон нийтэд соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх, алдаршуулах “Сувилахуйн эрдмийн дууч” гоцлол дууны тэмцээн, “Эрүүл амьдрал идэвхтэй хөлөгөөн” сэдэвт теннис, волейболын тэмцээн, баярын уулзалт, цэнгүүнийг зохион байгуулж байна. Яг одоо аймгийн ЭМГ, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын сургууль хамтран “Бид хамтдаа” уриан дор “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт ажил мэргэжлээрээ Алтайчууддаа хэдийнэ танигдсан ахмад сувилагчид болон шинэ залуу үеийн боловсон хүчнүүд урилгаар оролцож, ажлын туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож буй юм. Мөн тус аймгийн ЭМТ-ийн нийт сувилагч болон сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид: “Ажиллах орчин хэдий жил ирэх тусам сайжирч байгаа ч бидний хөдөлмөрийг бодитоор үнэлэхгүй байна. Цалин бага ч мэргэжилдээ хайртай дуртай учраас ч ажиллаж байгаа тухайгаа илэрхийлж, төр засгийн зүгээс бидний  ажлын ачааллыг бодитоор үнэлж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж байлаа.

Говь-Алтай аймгийн 91 эрүүл мэндийн байгууллагад нийт 1047 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас 277 нь сувилагч байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.


Related news