Элчин сайд Аксель Никэйз тэргүүтэй ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-11 14:36:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нараар ахлуулсан баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын баг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнтэй танилцахын зэрэгцээ, орон нутгийн бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, санхүүжилтийн хүртээмж, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулах уулзалтууд хийх аж.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Элчин сайд хатагтай Аксель Никэйз, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд хатагтай Аксель Никэйз“Европын Холбоо Монгол Улсын Засгийн газартай хамтран цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, сэргэлтийн бодлого, ногоон хөгжил, эдийн засгийг төрөлжүүлэхэд тууштай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эмзэг бүлгийн өрхүүдийн цар тахлын нөлөөллийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд маань Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжиж байгааг харах таатай байна” хэмээгээд орон нутгийн удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн суурин төлөөлөгч Ханнес Такач, “Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд үйл ажиллагаагаа явуулаад 16 жил болж байна. Энэ хугацаанд түлхүү хувийн хэвшилтэй хөгжлийн нөлөөлөл өндөр төслүүд дээр ажилласан. Бид цаашид Монгол Улсад ажиллах хамтын ажиллагааны стратегиа боловсруулах ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ ажил маань Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлогын бичиг баримт “Алсын Хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт уялдаатай байна” гэв.

Европын холбоо, Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран "Ковид-19" цар тахлын үед эмнэлгийн хяналтад байгаа иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэд, эх, хүүхдийн эрүүл мэнд, өрхийн амьжиргаа, хүнсний шим тэжээлийн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа даван туулъя” төслийг Баян-Өлгий аймагт 18 сарын хугацаатай хэрэгжүүлсэн юм. Тухайн төслийн үр өгөөжийг тус аймгийн 800 өрх, 4 мянга орчим хүүхэд хүртсэн тооцоо гарчээ.

Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт Баян-Өлгий аймгаас "Казахкрафт", "Өндөр Цэнгэл хайрхан", "Жихангер", "Паккале", "Менталики" зэрэг хувцас, хоол үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 аж ахуйн нэгж хамрагджээ.  

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан орон нутагт үр дүнтэй төсөл хэрэгжүүлж байгаа явдалд зочдод талархал илэрхийллээ.  

"Европын холбоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулах 7 жилийн хөтөлбөрөө баталсан. Үүнтэй холбоотой хамтран ажиллах олон боломжууд гарч ирнэ гэдэгт итгэж байна" хэмээн Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз хэлэв.

Related news