60 км замыг ирэх 10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-12 19:23:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийн зам засварын ажил үргэлжилж байна. Аймгийн Засаг даргын орлогч С.Ундрахаар ахлуулсан, БОАЖГ, МХГ, Замын цагдаагийн тасгийн удирдлага, байцаагчид оролцсон ажлын баг уг 60 км замын нөхцөл байдалтай танилцлаа. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд газар дээр нь сурвалжилга хийж, мэдээлэл авсан юм.

Өнгөрөгч оны хувьд гүйцэтгэгч компани Өлзийтийн фермээс нааш 21 км замын засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд бүрэн дуусаагүй ч өвлийн улиралд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгаас хүсэлт тавьсны дагуу замыг түр нээсэн байна.


Зам засварын ажил 4 дүгээр сарын сүүлээр эхэлсэн учраас дахин хааж, дутуу хэсгүүдийг гүйцээн засварлах, гагнаас, бэхэлгээг хийх зэргээр ажлыг үргэлжлүүлж байна. “Замын хучилтад хөндлөн хагарлууд үүссэн нь байгалийн хүчин зүйл буюу хөлдөлтөөс шалтгаалсан. Гэхдээ үүнийг засаж сайжруулна” хэмээн зөвлөх компанийн хэсгийн ахлагч О.Оюунтунгалаг хэллээ.

1987 онд анх тавигдсан, баруун аймгуудыг Улаанбаатартай холбодог, өдөрт 5 мянга гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тус замыг 2004 онд Дэлхийн банкны төслөөр засварлаж байсан бол энэ удаа Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “HKB international holding”  ХХК  Зам тээвэр, хөгжлийн яамтай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Зөвлөх буюу хөндлөнгийн хяналт тавих компаниар “ICT Sain Consulting” ХХК ажиллаж байгаа юм.

Замын ажлыг гүйцэтгэхдээ газрын хөрс, техникийн шаардлага, зураг төсвийн дагуу 4 төрлийн өөр хучилт хийж байгаа ба хуучин 5 см асфальт бетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5-8 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийж байгаа аж.

Цаг дулаарахаар техник хэрэгслүүдээ бүрэн гаргаж, замын хучилтуудыг хийж эхлэх тул хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл тухайн үед хүрэлцэн ирж, цутгалтын байдлыг нүдээр харж, сурвалжлах боломжтойг компанийн удирдлагууд хэлж байв.

 

60 км замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн хугацаанд 30.2 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байхаас ковидын халдвар, цар тахлаас хамааран ажил удааширч, 28.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээнд зааснаар замын ажил 2023 оны 4 дүгээр сард дуусах ёстой ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад үед шаргуу ажиллаж, энэ оны 10 дугаар сарын сүүлээр дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа гүйцэтгэгчид хэллээ.

Сүүлийн хэдэн жилийн турш хэл ам, шүүмжлэл дор өнгө төрхөө олж чадахгүй яваа 60 км замд бас нэг асуудал үүссэн нь монгол эмэгтэй амиа алдсан хэрэг юм. Осол 2022 оны 5 дугаар сарын 5-ны өглөө шинэ Цагаан хаалганы орчим түр шороон замд 6:30 минутын орчимд гарсан ба 6:57 минутад Цагдаагийн газарт дуудлага ирсэн гэдгийг Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.  

“Жолоо барьж явсан Хятад Улсын иргэн Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Ослын үед драгер багажаар үлээлгэхэд согтуурлын зэрэг гараагүй, гэхдээ шинжилгээгээр нарийн тогтоогдоно” гэв. “HKB international holding” ХХК-ийн зүгээс “хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, зардал мөнгийг олгож байгаа, маш их харамсаж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Тус замын засварын ажилд одоогоор 26 монгол хүн өдрийн 50 мянга, илүү цагийн 7 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллаж байна. Цаашид орон нутгаас ажиллах хүч нэмэгдүүлнэ гэж байв. Тухайн нөхцөлд ажиллаж буй монгол ажилтантай ярилцахад цалин мөнгийг цаг тухайд өгч байгаа, харин хоолны хувьд бага байдаг гэж байсан юм.

Ажлын багийнхан замын гүйцэтгэлийн явцтай танилцахаас гадна монгол ажилчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа. Одоогоор монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажил амралтын эрхзүйн зохицуулалт байхгүй, түүний дээр хүнд механизмуудын шатах тослох материал, аюултай хог хаягдлыг зайлуулахтай холбоотой зөрчлүүд илэрч байлаа.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, хяналт тавин ажиллана. Мөн хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагааны чиглэлээр монгол ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх, аргазүйн зөвлөмж өгөх богино хугацааны сургалт явуулна хэмээн аймгийн Засаг даргын орлогч, Ажлын багийн ахлагч С.Ундрах хэлж байв.

“Өнгөрөгч оны 8 дугаар сард аймгийн МХГ-аас 6 байцаагчийн хамтарсан 33 заалт бүхий албан шаардлага өгсөн. Үүнээс 70 гаруй хувийн зөрчлийг арилгасан байна” гэж МХГ-ын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн хэллээ.

Зөвлөх компаниас замын ажлын тайланг аймгийн Засаг даргад хүргүүлээд байгаа ба Засаг даргаас гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөөд байна.

 

 

Related news