Цэцэг өвчний эсрэг тарилгын явц 40 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумын нутагт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хил залгаа 4 сумын хонин сүрэгт цэцэг өвчний эсрэг тарилга хийж байна.
Нийт 320 мянган хонинд тарилга хийх бөгөөд өчигдөр орой 17 цагийн байдлаар тарилгын явц Дэрэн суманд 10, Баянжаргалан, Говь- Угтаал суманд 60, Цагаандэлгэр суманд 70 гаруй хувьтай байгааг аймгийн ХХАА- н газрын Мал эмнэлгээс мэдээллээ.
Одоогоор өвчилсөн 226 малыг устгаж, булсан байна. Цагаандэлгэр, Баянжаргалан суманд нэмж өвчлөл бүртгэгдээгүй аж. Харин өчигдөр Говь- Угтаал сумын нутагт өвчний шинж бүртгэгдэж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээжээ.
Дээрхи 4 сумын хонин сүрэгт хийх вакцинжуулалтыг энэ долоо хоногт дуусгах юм байна.
Т. Отгонтуяа