Чингэлтэй дүүрэг 1000 хүний суудалтай спорт цогцолбортой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-24 14:11:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр энэ жил Чингэлтэй дүүрэгт 2 спорт цогцолбор  ашиглалтад орлоо.


Тухайлбал, ЧД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, 3 блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор юм. Бүтээн байгуулалтын ажлыг 2015 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орлоо.



Барилга угсралтын ажлыг “Люксвүүд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус цогцолборын барилгын зоорийн давхарт техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн зэрэг бий. Харин нэгдүгээр давхарт хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө, хоёрдугаар давхарт бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, хувцас солих өрөө зэрэг бий. Гурав болон дөрөвдүгээр давхар нь 280 үзэгчдийн суудалтай спорт заал, тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр зэргээс бүрджээ. Мөн ийм хэмжээний спорт цогцолборын ажлыг Налайх, Баянзүрх дүүрэгт эхлүүлсэн гэдгийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас онцолсон юм.




Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборт элсний гар бөмбөг, амралтын талбай байгуулна


Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон хоёр дахь спорт цогцолбор 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дээд Салхитын аманд байрладаг. Уг соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг 2017 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.


Дээд Салхитын соёл, спорт, аялал жуулчлалын цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, авто зогсоол зэргээс бүрдэнэ. Мөн гүйлтийн зам, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн байгууламж, кофе шоп, спорт барааны дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууламжийг төлөвлөн байгуулжээ. Бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй бөгөөд элсний гар бөмбөг, амралтын талбайг байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.


Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Хөл бөмбөгийн талбай, сагсны талбайн хэсэг нь ойролцоогоор 4.5 га талбайг хамарч байгаа. Дээд Салхитын уулын мод  шатаж, халцарсан тул бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байна. Одоогоор тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГ хариуцах болно” гэлээ.


БОАЖЯ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар байгуулсан тус бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг хийсэн бол “Эко тогтол” ХХК гүйцэтгэгчээр ажилласан гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Related news