Энхийг сахиулагчдын баярын өдөр тохиож байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-29 19:12:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нээлттэй  өдөрлөг, Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "Дөл-2022" тэмцээн өнөөдөр Баганат талбайд боллоо.

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги хамтран тус тэмцээнийг зохион байгуулав.

Нээлттэй өдөрлөгт аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Хотын захирагч Г.Энхбаяр болон Баянхонгор аймаг дахь төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, удирдлага, алба хаагчид, иргэд оролцлоо.

2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш  20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, Монгол цэрэг Дэлхийн цэрэг болсон түүхт өдөр юм. Баянхонгор аймгийн хууль сахиулах байгууллагуудаас Цэргийн штаб 3, Зэвсэгт хүчний 339 дугаар анги 31, Онцгой байдлын газар 7, Цагдаагийн газар 2, Тагнуулын газар 3, ШШГГ-ын 2 алба хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон бол 14 цэрэг Өмнөд Суданд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. 

Үйл ажиллагааны нээлтийн үеэр энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон Хонгор нутгийн цэрэг дайчдадаа аймгийн удирдлага, зохион байгуулагчид хүндэтгэл илэрхийлэв.

Энэхүү тэмдэглэлт өдрөөр энхийг сахиулагчдынхаа ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, иргэд хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд даян дэлхийд энх тайван, тогтвортой байхын ач холбогдлыг түгээх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Дөл-2022 тэмцээнийг хамтатган зохион байгуулж байгаа аж. 

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах цэрэгжилтийн спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээнд аймаг болон сумдын Ерөнхий боловсролын сургуулиудаас нэгдүгээр шатанд шалгарсан Шинэжинст, Галуут, Өлзийт, Баянлиг, Жаргалант, Бууцагаан, Баацагаан, Баянцагаан, Номундалай, Эрдэнэмандал, Эрдэм сургуулийн ахлах ангийн 11 багийн 160 гаруй сурагч оролцож байран дээрх ажиллагаа, марк тактик төрлүүдээр өрсөлдөв. Шалгарсан баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах цэрэг, спортын "Дөл-2022" Улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд оролцох эрхээ авах юм. 

Нээлттэй өдөрлөгийн үеэр Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг хийж, төрийн цэргийн байгууллагууд байлдааны зэвсэг, техник, ажил үүргийн онцлогийг харуулсан үзэсгэлэн, мэдээлэл сурталчилгааг зохион байгууллаа.