ЕХ Оросын газрын тосны экспортод хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-31 09:40:48

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын далайгаар тээвэрлэх газрын тосны экспортод хориг тавихаар тохиролцжээ.


Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд энэ оны эцэс гэхэд газрын тосны импортыг их хэмжээгээр бууруулах хориг тавих талаар хэлэлцсэн юм.


Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх газрын тосны экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох газрын тосны 2/3 гаруйг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална.


Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг газрын тосыг оруулаагүй байна. Оросын газрын тосыг бүрэн хориглох саналын хувьд Унгарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын газрын тосыг хоолойгоор нийлүүлэн авдаг. 

Related news