Рюгү солирын дээжээс 20 гаруй амин хүчил илрүүлжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-06 10:42:50

ТОКИО. /TASS/. Японы эрдэмтэд Рюгү солироос авчирсан хөрсний дээжээс уургийн бүтцэд ордог 20 гаруй төрлийн амин хүчил илрүүлжээ. Энэ нь дэлхий дээрх амьдралын үндэс болсон бодисууд нь сансраас гарал үүсэлтэй гэдэг онолын нотолгоо болж магадгүй гэж “The Asahi” сонин мэдээлсэн байна.


Японы сансар судлалын JAXA агентлагийн мэргэжилтнүүд солирын элснээс изолейцин, валин, мөн глицин, глутамины хүчлийг ялгаж чаджээ. Амин хүчлүүд нь 4.5 тэрбум гаруй жилийн өмнө дэлхий дээр бий болохдоо анх элбэг байсан боловч дэлхий магмаар бүрхэгдсэн үеийг даван туулж чадаагүй гэж үздэг байна.


Өнөөг хүртэл дэлхий дээрээс олдсон солируудаас амин хүчлүүд илэрч байжээ. Гэвч солируудын хэлтэрхий дэлхийн гадаргуу болон агаартай хүрэлцсэн учир амин хүчлүүд унасных нь дараа орсон байхыг үгүйсгэх аргагүй байдаг аж. Харин Рюгү солироос авсан дээж нь амин хүчлүүдыг дэлхий хөрөх үед манай гаргийн дээгүүр нисэж өнгөрсөн солирууд дэлхий дээр дахин авчирсан гэдэг онолын нотолгоо болж магадгүй гэнэ.


Рюгү солирын хөрсний дээжийг Японы гараг хоорондын "Хаябуса-2" автомат станц 2020 оны 12 дугаар сарын 5-нд дэлхийд авчирсан билээ. Урьдчилсан судалгаа шинжилгээний явцад солирын элсний ширхэгт ус, нүүрстөрөгч ба устөрөгч, азот ба устөрөгчийн нэгдлүүд, түүнчлэн карбонат зэрэг усны янз бүрийн эрдэс бодисууд агуулагдаж байгааг тогтоожээ. Ийм эрдэс бодисууд агуулагдаж байгаа нь уг солир нь Нарны аймгийн анхдагч материйг анхных нь хэлбэрээр өөртөө хадгалсан болохыг харуулж байна гэж эрдэмтэд үзэж байгаа аж.


Дэлхий ба Ангарагийн тойрог замыг дайран өнгөрдөг Рюгү хэмээх солир нь (япон хэлнээс орчуулбал "Луугийн ордон") 900 орчим метрийн голчтой ажээ. Сансрын энэхүү биет нь одоогоор хамгийн их судлагдсан C ангиллын солир аж. Ийм солирууд их хэмжээний нүүрстөрөгч агуулдгаас гадна, ус, органик бодисын ул мөрийг илрүүлэх боломжтой бөгөөд Орчлон ертөнц дэх амьдралын тархалтын нууцыг тайлахад тус дөхөм болно гэж мэргэжилтнүүд үздэг байна.


Related news