“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-07 10:23:15

Өчигдөр эхэлсэн хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадамд 1000 гаруй лам хуврагууд оролцож байна.

Эхний өдөр Гандантэгчилэн хийдийн 300 гаруй лам хуврагаас гадна  аймгуудаас хүрэлцэн ирсэн лам хуврагууд Очирваань шүтээний тахилга тахиж, монголчуудын заяа буяныг даатгаж, ном хурлаа. “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын нээлт эртний их Соёмбот туг залах ёслолоор эхэлсэн юм.

Энэ үеэр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дүр тэргүүтнийг заллаа. Даншиг өргөнө гэдэг нь ихэс дээдсийн өлмий бат, мэлмий тунгалаг байхад зориулан хийдэг зан үйл учраас Өндөр гэгээнээр төлөөлүүлэн үе, үеийн богд, дээдэс нарын буяныг төлөөлүүлэх ёслол билээ.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ, “Аялал жуулчлалын улиралд дотоод, гадаадын жуулчдыг татах  томоохон арга хэмжэний нэг нь Даншиг наадам гэдгийг онцлов. Тэрбээр Даншиг наадмын эн тэргүүний ач холбогдол бол шашнаа сурталчлах, хоёр дахь нь гадаадын жуулчдыг татах юм. Энэ жилийн хувьд жуулчдын захиалга ихэсч, өмнөх жилийнхтэй харьцуулбал монголыг зорих жуулчдын тоо 10 хувиар буюу нийт 48 мянган жуулчин болж өссөн мэдээ бий. Цаашдаа уг наадмыг наадам гэхээсээ илүү урлаг соёл, шашны томоохон фестиваль болгох нь зүйтэй. Энэ жилийн наадамд Тува, Буриад Халимаг гээд Монгол туургатан зочид хүрэлцэн ирсэн” гэлээ.

Нийслэлийн даншиг наадам лам нарын дундах тэмцээнээр үргэлжилсэн юм. Балин болон тосон урлалын тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн сүм хийдийн 20 гаруй тахилч лам оролцож балин хийсэн. Эхний шалгаруулалтаар лам нарын хийсэн балингаас таван балинг сонгож шигшиглэж үлдсэн тахилч лам нар дахин балин хийснээр тэмцээний ялагчийг тодруулсан.

Мамба дацан хийдийн голч лам Х.Пүрэвдорж “Балин нь хоёр төрөл байдаг. Гаргалтын балин гэдэг нь хүнийг хорлож байгаа аливаа муу муухайг орлуулан дууриалган хийж гаргаж хаядаг. Үүнийг энгийн усаар зуурч хийнэ. Хэлбэр дүрсийн хувьд тухайн уншиж байгаа номоос шалтгаалж өөр өөр байдаг. Харин өргөлтийн балин нь бурхан шүтээндээ өргөж байгаа учраас амттан нэмдэг. Зөгийн бал, бурам гэх мэт зүйлс нэмдэг. Балингийн тэмцээнд хийдийн тахилч лам нар оролцож байгаа. Тахилч лам нарын хийсэн балингаас нарийн сайхан хэв хийцтэйг нь харж шалгаруулдаг” гэв.

Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадамд хүчит 256 бөх зодоглож байгаа бөгөөд зүүний манлайг даншгийн арслан Р.Пүрэвдагва, барууны магнайг даншгийн заан Б.Гончигдамба тэргүүлэн барилдаж байна. Энэ жилийн даншгийн барилдаанд Улсын аварга цолтой бөхчүүд барилдаагүй юм. Наадмын эхний өдөр хүчит бөхийн дөрвийн даваагаар өндөрлөсөн бөгөөд өнөөдөр тавын даваанаас эхлэн Даншигийн начин, заан,  арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагналыг Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адилхан олгох юм.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол, үзүүрт хүрсэн улсын гарьд Б.Гончигдамба даншгийн заан цол тус тус хүртэж байв.

Д.Өлзий

Related news