Бельгид цагдаа нарыг шархдуулсан этгээдийг буудан устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-07 11:28:08

БРЮССЕЛЬ. /AFP/. Бямба гарагийн үдээс хойш Бельгийн нийслэл Брюссель хотоос өмнө зүгт 50 орчим км зайтай орших Чарлерой хотод хутгаар зэвсэглэсэн этгээд хоёр цагдааг шархдуулжээ. Энэ этгээд “Аллах Акбар” буюу “бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж албаны хүмүүс хэллээ. Гэмт этгээдийг өөр нэг цагдаа буудан устгажээ.

Шархадсан хоёр эмэгтэй цагдаагийн нэгийнх нь бие тааруу байгаа гэнэ. Тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.

Цагдаа нар энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Харин уг халдлага болсны дараахан Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель өөрийн твиттер хуудсандаа “Чарлерой хотод халдлага үйлдсэнийг зэмлэн буруушааж байна. Бид нөхцөл байдлыг хяналтдаа авсан” гэж бичсэн байна.

Энэ оны 3 дугаар сарын 22-нд Бельгийн нисэх онгоцны болон метроны буудалд 32 хүний аминд хүрсэн дэлбэрэлтүүд болсноос хойш тус улс аюулгүй байдлыг чангатгаад байгаа билээ.

Бельги улсад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг өнгөрсөн долоо хоногт цагдаа нар баривчилсан юм.

Г.Доржханд

Related news