Африкийн Холбоо Одесса хотын боомтыг минагүйжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-10 15:53:21

ДАКАР. /VOA/. Сенегалын Ерөнхийлөгч, Африкийн Холбооны тэргүүн Маки Салл үр тарианы экспортыг хөнгөвчлөх үүднээс Одесса хотын боомтуудын орчмыг минагүйжүүлэхийг Украинд уриалжээ. 


Оросын түрэмгийлэл, Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнүүдээс үүдэн Орос, Украины үр тарианы нийлүүлэлт тасалдаж, улмаар дэлхий даяар өлсгөлөн нүүрлэх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.


Экспорт буурсны улмаас дэлхийн хамгийн ядуу буурай тив болох Африкт амуу тарианы үнэ огцом өсөөд байгаа нь зөрчил мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг улам даамжруулж байна.


Хэрэв Украинаас амуу тариа үргэлжлүүлэн экспортлохгүй бол Африкт маш ноцтой өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж М.Салл Францын “France 24”, “RFI” хэвлэлүүдэд мэдээлжээ.


Орос, Украин нь дэлхийн буудайн 30 хувийг хангадаг. Гэвч Оросын бүслэлт, Украины минануудын улмаас Украины боомтуудад үр тариа гацаад байгаатай зэрэгцэн Өрнөдийн хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын экспорт тасалдаад байна.


Москвагийн зүгээс Одесса боомтын ойр орчмыг минагүйжүүлж, үр тариаг гаргахыг уриалж байгаа ч Киев Оросыг халдаж болзошгүй гэж үзэж байгаа тул татгалзаж байгаа аж.


М.Саллын хувьд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт өөртэй нь уулзах үеэрээ ийм зүйл болохгүй гэдгийг баталсан гэдгийг онцолсон байна.


Баасан гарагт М.Салл Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой Францад уулзана. Тэрбээр Оросын эсрэг авсан ЕХ-ны хоригийг цуцлах, тэр дундаа “SWIFT” системээс хасах шийдвэрийг эргэн харахыг хүсэх төлөвтэй байна. 

Related news