Аймгийн хэмжээнд 9420 хүн тоон гарын үсгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-17 15:59:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдрийн байдлаар 9420 хүн тоон гарын үсгээ аваад байна.

Тус хэлтсээс байгууллагуудад хүрч ажиллан алба хаагч, ажилчдад Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, тоон гарын үсгийг олгох, хугацаа дууссан иргэний үнэмлэхийг сунгах, гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах болон зарим төрлийн бүртгэлийн ажлыг газар дээр нь хийж байна.

Мөн сумдын улсын бүртгэгчдийг сургалтад хамруулж чадавхжуулснаар сум бүр харьяалал харгалзахгүйгээр тоон гарын үсэг олгож байна.

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 79200 хүн тоон гарын үсэг авах юм. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэнэ.

Related news