Их газрын чулууны ууланд монгол тарвага нутагшуулав

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-20 15:02:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг, байгалийн үзэсгэлэнт газар болох Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас монгол тарвага нутагшуулахаар авч иржээ. 

2010 оноос өмнө Их газрын чулууны уул нь тус аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан бөгөөд түүнээс хойш нутгийн тарвага цөөрч, устах хэмжээнд хүрсэн байдаг.

Тиймээс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын захиргаа 2019 онд Хустайн байгалийн цогцолборт газраас анх тарвага сэргээн нутагшуулж, тэдгээр амьтад одоо байгаль хамгаалагчдын эргүүл, хяналт, хамгаалалтын үр дүнд өсөн үржиж байгаа аж.

Тус аймгийн хувьд бэлчээрийн доройтолд орж, өвсөн тэжээлтэн амьтдыг хамгаалж, өсгөн үржүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй байгаа бөгөөд тарвага ховордсоноос экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрсэн хэмээн мэргэжлийн байгууллагууд тодорхойлж байна.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт маш их үр нөлөөтэй тул экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулахад ихээхэн үүрэгтэй.

Ийнхүү тарвага нутагшуулах төслийг С.Баярмөнх захиралтай "Эрдэнэс силвер ресурс" ХХК, Хустайн байгалийн цогцолборт газар, гэрэл зурагчин Э.Мөнхчулуун нар хамтран ажиллалаа гэж Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдээлэв. 

Related news