Израилын эвслийн Засгийн газар тарахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-21 10:27:37

ЙЕРУСАЛИМ. /VOA/. Израилын эвслийн Засгийн газар тарахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннеттийн ажлын албанаас мэдэгджээ. Ингэснээр тус улсад шинэ сонгууль явуулахаар болж байна.


Н.Беннетт болон түүний эвслийн гол түнш Яир Лапид нар ойрын өдрүүдэд парламентыг тараана гэж ажлын албанаас мэдээлжээ. Ийнхүү шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах хүртэл Я.Лапид Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.


Барууныг баримтлагчид, либерал үзэлтнүүд, лалын шашинт Арабын нам зэрэг найман намаас бүрдсэн Н.Беннеттийн эвслийн Засгийн газар нэг жилийн өмнөөс засгийн эрхийг барьж эхэлснээсээ хойш “хэврэг” байсаар иржээ.


Тодруулбал, Н.Беннеттийн намын хэд хэдэн гишүүн түүнийг эвслийн түншүүддээ хэт их буулт хийж байна гэж үзэн намаасаа гарсны дараа Засгийн газар задарч эхэлжээ.


Харин шинэ сонгууль нь ерөнхий сайдын албыг олон жилийн турш хашсан Биньямин Нетаньяхуд засгийн эрхэнд эргэн гарах боломж болж магадгүй байна. Ерөнхий сайдаар 12 жил ажилласан тэрбээр одоо сөрөг хүчний удирдагч болоод байгаа юм.


Б.Нетаньяхугийн баасан гарагт мэдэгдсэнээр, парламентыг тараах нь Израилын олон сая иргэний хувьд "сайхан мэдээ" гэдгийг онцлоод, “Ликуд” нам нь шинэ Засгийн газрыг тэргүүлнэ гэж таамаглаж байгаагаа тэмдэглэсэн байна.


Өнгөрсөн онд Н.Беннетт парламентын дөрвөн сонгуулийн дараа найман намын бүрэлдэхүүн бүхий эвслийг байгуулсан юм. Иймд удахгүй болох сонгууль нь Израилд гурван жилийн хугацаанд явуулсан тав дахь сонгууль болно.


Израилын Батлан хамгаалахын сайд Бенни Ганц даваа гарагт “Twitter” хуудсандаа, Засгийн газар шилжилтийн үед ч үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэнэ гэдгийг мэдэгджээ.


Эдгээр үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Израилд хийхээр төлөвлөж буй айлчлалаас хэдхэн долоо хоногийн өмнө болж байна. 

Related news