Аймгийн хэмжээнд 3500 ширхэг загас агнахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-21 14:28:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 82 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд тухайн онд ахуйн зориулалтаар агнах, барих загас, амьтны дээд хязгаарыг баталлаа.

Тус тогтоолын дагуу 2022 онд аймгийн хэмжээнд 3500 ширхэг загас, 40 саарал чоно, 50 шар үнэг барихыг зөвшөөрөв.

Ахуйн зориулалтаар барих, агнах загас, амьтны зөвшөөрлийг харьяа сумын байгаль хамгаалагчаас авна. Ингэхдээ ан амьтны нөөц ашигласны төлбөр нь 1 загаст 1000 төгрөг байна. Нэг удаагийн эрхийн бичгээр 3 хоногийн дотор 10 хүртэлх тооны загас агнана.

Харин саарал чонын үнэлгээ 102000, шар үнэгнийх 22000 төгрөг байх аж.

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувийг хуулийн дагуу тухайн агнуурын бүс нутгийн амьтны амьдрах орчныг нөхөн сэргээх, тэтгэх, агнуурын амьтны судалгаа хийх зэрэг ажлуудад зарцуулах ажээ. 





Related news