"G7"-ийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-27 09:12:11

БАВАРИ. /BBC/.  Дэлхийн тэргүүлэх долоон ардчилсан гүрний дөрөв нь ОХУ-аас алт импортлохыг хориглох төлөвлөгөөтэй байгаагаа зарлав. Дэлхийн алтны худалдааны гол төв нь Лондон хот бол өнгөрсөн онд ОХУ 15.4 тэрбум ам.долларын алт экспортолжээ. 


Оросын алтанд хориг тавихаар төлөвлөж буйгаа АНУ, Их Британи, Япон, Канад улсууд Германы Бавари мужид "Долоо бүлэг"-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "G7"-ийн бусад гишүүн болох Герман, Франц, Итали улс хоригт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


“Олон арван тэрбум ам.долларын ашиг авчирдаг экспортынх нь гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох Оросын алтыг импортлохыг хориглож байгаагаа "G7”-ийн орнууд хамтдаа зарлах болно" гэж Ж.Байден Бавари мужийн Эльмау шилтгээнд ням гарагт эхэлсэн дээд хэмжээний уулзалтын өмнө бичсэн байна.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, энэ хориг нь “Путиний дайны машины зүрхэнд цохилт болно” гэжээ. Их Британид буй мэдээллээр, дайн эхлэхтэй зэрэгцэн Оросын олигархууд хориг арга хэмжээнээс мөнгөө гаргана хэмээн найдаж алтан гулдмай худалдаж авахаар яаравчилсан тул Оросын алтны эрэлт нэмэгджээ. 


Их Британийн Засгийн газар ойрын долоо хоногт парламентаараа Оросын алтыг хориглох хуулийг батлуулахаар төлөвлөж байна. Энэхүү хориг нь зөвхөн шинээр олборлосон алтанд хамаарах бөгөөд олон улсын зах зээлд хэдийнээ гарчихсан Оросын алтанд хамаарахгүй аж. 


Related news