ГОВЬ-АЛТАЙ: Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-28 14:35:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын төвд зөвшөөрөлгүй байрлуулсан амбаар, чингэлгийг буулгахыг эзэмшигчдэд нь мэдэгдэж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж эхэллээ. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн А/350 тоот захирамжийн дагуу Алтай хотын төвд зөвшөөрөлгүйгээр байрлуулсан амбаар, чингэлгийг буулган чөлөөлөх тухай мэдэгдлийг Есөнбулаг сумын газрын даамал, багийн Засаг дарга нар нийт 50 иргэнд хүргэж ажилласан тухай холбогдох албанаас мэдээлэв. Зургаадугаар сарын 25-ны байдлаар тус сумын Оргил, Жинст багийн 13 иргэн амбаар, чингэлгээ нүүлгэж газрыг нь чөлөөлөөд байгаа аж. 

Заасан хугацаанд зөвшөөрөлгүй газар, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан чингэлэг, амбааруудаа нүүлгээгүй иргэдэд дараагийн шатны арга хэмжээг авна гэлээ. Тухайлбал, энэ сарын 29-ний дотор газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, түүнтэй холбогдон гарах зардлыг буруутай этгээдээр гаргуулах тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас анхаарууллаа.


Related news