Токиод “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өсжээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-07-06 13:55:01

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод мягмар гарагт “COVID-19” халдварын 5302 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болсноос гадна дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш анх удаагаа 5000 давжээ.


Мөн өдөрт улсын хэмжээнд коронавирусний халдварын 36 189 тохиолдол илэрсэн нь долоо хоногийн өмнөх үеийнхээс 80 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ. Япон даяар өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо хамгийн сүүлд тавдугаар сарын 26-нд 30 мянга давсан байна.


Токиогийн засаг захиргааны мэдээлснээр, нийслэлд халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж 3778-д хүрсэн нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийнхаас 74.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “Халдварын шинэ тохиолдлын өсөлт түргэсэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо сүүлийн хагас сарын хугацаанд хоёр дахин нэмэгдсэн” гэж засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Токиогийн засаг захиргаа сүүлийн хоёр долоо хоногийн халдварын үзүүлэлтүүдийг харгалзан “COVID-19”-ийн анхааруулгын түвшнийг дөрвөн шатлалын хоёрдугаарт хүргэн ахиулсан байна. Мягмар гарагт баруун нутгийн Осака мужид халдварын 4523 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.


Мөн төв нутгийн Аичи мужид халдварын шинэ тохиолдлын тоо долоо хоногийн өмнөхөөс 80 хувиар нэмэгдэж, 2481-д хүрсэн талаар мужийн захирагч Хидэаки Омүра мэдээлээд, үүнийг халдварын долоо дахь давлагааны эхлэл байж болзошгүй гэдгийг онцолсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр халдварын тохиолдол цочирдом байдлаар нэмэгдэж байгааг дурдаад, вакцины нэмэлт тунд хамрагдахыг олон нийтэд уриалжээ.


"COVID-19" халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар долоодугаар сарын эхэн үеэс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрөө хойшлуулах талаар хэлэлцэхэд хүрч магадгүй байна. К.Фүмио зургаадугаар сарын дундуур мэдэгдэхдээ, кампанит ажлыг халдварын нөхцөл байдлыг харгалзан долоодугаар сарын эхний хагаст эхлүүлнэ гэжээ. Харин Тээврийн яам долоодугаар сарын эхээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байжээ. 

Related news